Паралимпийн наадмын хөнгөн атлетикийн тэмцээний 100 метрийн уралдаанууд өнөөдөр явагдлаа. Т53 ангилал буюу тэргэнцэртэйгээ уралддаг төрөлд манай тамирчин П.Энхманлай хурд сорьж, 15.97 секундын үзүүлэлтээр улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Энэ төрөлд 13 тамирчин өрсөлдсөнөөс Тайланд, Саудын Арабын тус бүр хоёр болон ОХУ, Канад, Франц, Бразилын тамирчид шигшээд шалгарч, цааш медалийн төлөө уралдахаар болов. Тайландын тамирчин Понгсакорн Паэё урьдчилсан шатанд 14.30 секундын амжилтаар паралимпийн наадмын дээд амжилтыг шинэчилжээ. Уг нь өнөөдөр манай өөр нэг тамирчин Д.Саруултөгс зээрэнцэг шидэлтийн төрөлд өрсөлдөх байсан ч нурууны гэмтэл нь сэдэрсний улмаас оролцолгүй өнжихөөр болжээ. Гэхдээ тэрбээр есдүгээр сарын 4-нд бөөрөнцөг шидэлтийн төрөлд өрсөлдөх юм.