Хан-Уул дүүргийн XII хорооны нутагт орших Таван толгойн гүүрний баруун талд байрлах хиймэл нуурт хоёр хүн осолдсон тухай дуудлагыг энэ сарын 15-ны 20.01 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт хүргүүлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Улмаар аврах ангийн алба хаагчид 27 километр замыг туулан 20.35 цагт очиход Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат 36 настай, эмэгтэй, 15 настай, эрэгтэй нар хиймэл нуурт живсэн тул усны мандал дээгүүр хоёр цаг 25 минут эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан аж. Гэвч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22.04 цагт түр зогсоосон байна. Үргэлжлүүлэн өчигдөр 07.00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлэн 09.43 цагт 15 настай, эрэгтэй, 11.50 цагт 36 настай, эмэгтэйн цогцсыг нуураас гарган тус дүүрэг дэх Цагдаагийн III хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.