Монгол Улсад орж ирэн, ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй компани байгуулж, мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт Бүгд Найрамдах Латви Улсын иргэн Подлеснижс Игорс гэх хүнийг ЭЦА-ныхан шалгаж эхэлсэн талаар манай сонин 2020 оны дөрөвдүгээр сард мэдээлж байв. Барилгын материал, гадаад худалдааны “АБА плас” хэмээх компанийг 2018 оны дөрөвдүгээр сард байгуулж, ОХУ, Турк, Эстони, Казахстан, Узбекистан, Украин, Арабын Нэгдсэн Эмират Улс зэрэг 13 орноос эх үүсвэр нь тодорхойгүй их хэмжээний мөнгө удаа дараа шилжүүлэн авч, арилжааны банкуудад байршуулж байгаад “зүсийг нь хувирган” мөнгө угаасан гэх үндэслэлээр шалгаж эхлэхийн өмнөхөн тэрбээр хил гарч явсан аж. Уг нь түүнийг Эрүүгийн хуулийн 18.6-2.2 дахь хэсэгт заасан “Мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн” гэх үндэслэлээр мөрдөн шалгаж эхэлсэн юм. Түүнээс хойш Подлеснижс Игорс эргэж орж ирээгүй бөгөөд Монголд Мөнгөншагай гэх хүнд итгэмжлэл хийж үлдээсэн юм байна. Уг хэргийг шалгаж эхэлж байхдаа цагдаа, прокурорын байгууллагын эх сурвалжууд “Хууль бус мөнгөний эх үүсвэр нь биткойнтой холбоотой байх магадлалтай. Түүний Монголд төвлөрүүлсэн мөнгийг нь банкуудад царцаасан” хэмээн мэдээлж байсан юм. Тэгвэл ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, хошууч Ж.Билгүүтэй “Уг хэрэгт 2020 оны нэгдүгээр сарын 13- нд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тухайн компанийг 2018 онд байгуулснаас хойш тодорхой үйл ажиллагаа явуулаагүй атлаа тухайн оны дөрөвдүгээр сараас 2020 оны нэгдүгээр сарын хооронд Монгол Улсын нэр бүхий арилжааны банкуудаар дамжуулан ОХУ, Казахстан, Узбекистан, Украин зэрэг 13 орноос олон удаагийн давтамжтайгаар 4.6 сая евро, 3.9 сая ам.доллар буюу нийт 24.5 тэрбум төгрөг шилжүүлэн авч Монголд оруулж ирсэн даруйдаа 1.7 сая евро, гурван сая ам.долларыг (7.8 тэрбум төгрөг) БНХАУ, БНСУ, Латви зэрэг 11 улс руу шилжүүлснийг тогтоосон. Мөн “АБА плас” компанийн арилжааны банкуудад эзэмшдэг данснаас гадаад руу шилжүүлэхээр захиалга өгөөд байсан 10 орчим тэрбум төгрөгийг прокурорын зөвшөөрлөөр 2020 оны нэгдүгээр сарын 13-нд хязгаарласан” хэмээн мэдээлсэн юм.
Уг хэргийг шалгах явцдаа цагдаагийнхан энэ сарын 12-нд “АБА плас” компанийн гүйцэтгэх захирал, Латвийн иргэн Подлеснижс Игорсын итгэмжлэгдсэн төлөөлөгч Мөнгөншагайн гэр, албан өрөөнд нь хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд нэгжлэг хийхэд хүрэн баавгай, шилүүс зэрэг амьтны эд, эрхтэн хадгалж байсныг илрүүлэн эд мөрийн баримтаар хураан авчээ. Улмаар Эрүүгийн хуулийн 24.5 зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Экологийн цагдаагийн албанд шалгуулахаар шилжүүлсэн аж. Ийнхүү шалгаж эхлэх үед Мөнгөншагай нь мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж, хууль сахиулагчдад нөлөөлөхийг оролдсон учраас шүүхийн шийдвэрээр 30 хоног цагдан хорихоор болжээ. Тэрбээр зөвхөн ховор амьтны эд, эрхтэн хууль бусаар хадгалж байсан хэрэгтээ хууль сахиулагчдад нөлөөлөхийг оролдоогүй гэж хардаж болохоор. Учир нь, 2020 онд Латвийн иргэний мөнгө угаасан хэргийг шалгаж эхлэх үед манай арилжааны банкуудад царцаасан 10 тэрбум төгрөгийг гаргуулан авахын тулд хууль сахиулагчдад нөлөөлөхийг оролдож байгаа гэсэн мэдээлэл ч бидэнд ирж байв.
Бэлтгэсэн Г.Равжаа