Хөвсгөл аймгийн Тариалан сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид хулгайд алдагдсан 43 үхрийг 10 гаруй хоногийн дараа олж, эзэнд нь хүлээлгэн өгчээ. Тодруулбал, өнгөрсөн сарын 28-29-нд шилжих шөнө тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын II багийн нутаг, Мярсын цохио гэдэг газраас олон үхэр алдагджээ. Цагдаагийн алба хаагчид иргэдийн мэдээлийн дагуу шуурхай ажиллаж гэмт этгээдүүд 11 үхрийг “Эмээлт” захын ченжүүдэд зарах гэж байхад нь саатуулжээ. Үлдсэн үхрүүдийг Тариалан сумын нутагт нуусан байсныг илрүүлсэн аж. Малын хулгайг таслан зогсоох, бууруулах зорилгоор энэ төрлийн хэргийн ял шийтгэлийг чангаруулсан ч зарим аймагт ийм хэрэг буурахгүй байна. Мал хулгайлах гэмт хэрэг 2020 онд Архангайд 102, Хөвсгөлд 74 бүртгэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлтэд тооцогджээ.