Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хар-Усан тохой гэх газар нутагладаг нэгэн айлын хоёр настай хүүхэд гэрийнхээ гадаа тоглож байгаад алга болсон тухай дуудлагыг өчигдөр 16.20 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Улмаар Завхан аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийнхан, Тосонцэнгэл сумын Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнх нь хүмүүс хоёр километр радиуст эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, гэрээс нь хойд зүгт 600 метрийн зайд орших Хожуул голоос 17.24 цагт хүүгийн цогцсыг олсон байна. Алба хаагчид цогцсыг тус сумын цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.