Хууль хяналтын байгууллага хамтран ажиллаж, гадаадаас их хэмжээний хар тамхи Монгол руу илгээснийг эзэнд нь хүрэхээс өмнө амжиж саатууллаа. Тодорхой хэлбэл, 2021 оны наймдугаар сарын 11-нд Африкаас манай улсын иргэнд хаяглаж, шуудангаар илгээсэн илгээмжид сэтгэцэд нөлөөт бодис метамфетамин байжээ.
Валютаар бол 1.1 сая орчим доллар, төгрөгөөр гурван тэрбум төгрөгөөр үнэлэгдэх их хэмжээний хар тамхийг хэн захиалсныг тодруулахаар ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынхан шуурхай ажиллаж, сэжигтнийг ч саатуулсан байна.
Шинжилгээгээр уг илгээмж маш хүчтэй донтуулах үйлчилгээ бүхий сэтгэцэд нөлөөт бодис болох метамфетамин буюу “мөс” болох нь тогтоогдсон байна. Уг бодисыг нэг л удаа хэрэглэхэд шууд үхэлд хүргэх, хор хөнөөлтэй аж.
Уг илгээмжийг гаалийн байгууллагын алба хаагчид илрүүлэн, цагдаад дуудлага өгсөн байна. Гаалийн байгууллагын мэдээлснээр дээрх хэмжээний хар тамхи нь сүүлийн 10 жилд улсын хилээр нэвтрүүлэхийг завдаж, таслан зогсоосон, энэ төрлийн бараанаас хамгийн өндөр үнийн дүн, тоо хэмжээ бүхий бүтээгдэхүүн гэнэ.
Цагдаагийн байгууллагаас өгч буй мэдээллээр хар тамхины хэрэгт холбогдогчдын 80 хувь нь 18-35 насны залуус байгаа юм. Хар тамхинд донтсон залуус дэргэдэх ойр дотнын хүмүүс, амьдралын сайн сайхан, гэрэл гэгээ, орчин, орон зайг мэдрэхгүй явсаар нас барж байгааг СЭМҮТ-ийн эмч нар мөн онцолж буй.