Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн Б.Ган-Очир нөхөн сонгуультай холбоотойгоор өчигдөр мэдээлэл хийлээ. Тус намынхан УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцохоор Үндэсний бодлогын хорооны хурлаа хийж, холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-нд хүргүүлжээ. Үндэсний аудитын газрынхан тус намын мөрийн хөтөлбөрийг хуульд заасан шаардлагад нийцсэн гэж дүгнэсэн билээ. Б.Ган-Очир “Нөхөн сонгуульд оролцохоор баримт бичгээ хүлээлгэн өгөх үед СЕХ-ны ажилтнуудын хэлсэн тайлбар, уур амьсгалаас зарим зүйлийг анзаарлаа. Ард түмний тавхан хувийн ч дэмжлэг аваагүй С.Эрдэнэ даргатай хэсэг бүлэг хүнийг нөхөн сонгуульд оролцуулахыг эрх баригчид захиалсан нь тодорхой байна. Өнөөдрийг хүртэл бидний байгуулсан ардчилсан тогтолцооны амин сүнс нь чөлөөт сонгууль. Чөлөөт сонгууль нь өрсөлдөөний үндсэн дээр бий болдог. Гэтэл Монголын улс төрийн тавцанд өрсөлдөгч гэж байна уу. С.Эрдэнэ дарга нөхөн сонгуульд нэрээ дэвшүүлбэл ялахгүй нь тодорхой. АН-ын анхан, дунд шатны гишүүд бид дэмждэггүй хүнээ дэмжиж оролцох ёстой юу гэцгээж байна. Манай намын гишүүдээс гадна ардчилалд хайртай иргэд хохирох хэрэг үү. Ардчилсан сонгуулийг үгүй хийдэг, “зохиомол” АН-ыг бий болгож, тэднийгээ “тэжээн”, сонгуульд өрсөлдүүлдэг байж болохгүй. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй үндсэн дүрмийнхээ дагуу, хууль ёсны Дотоод сонгуулийн болон Үндэсний бодлогын хороотой АН-аас материалаа хүргүүлэхэд бүртгэхгүй гэх нь. Хуурамч АН-ын талынхныг бүртгэсэн болоод, сонгуульд оролцуулаад өнгөрөх нь тодорхой боллоо” гэв.
Эрх баригчдын алсын хараагүй, буруу бодлогоос болж бараа, бүтээгдэхүүний үнэ огцом нэмэгдэж, намар, өвөл гэхэд манай улсын эдийн засаг маш хүнд байдалтай золгох аюул нүүрлэснийг тэрбээр онцоллоо. БНХАУ-ын Тяньжин боомт болон Замын-Үүдэд гацсан ачааг авчрах ажлыг дорвитой хийхгүй, холбогдох албан тушаалтныг нь халж, сольж, буруушаахаас өөр гарцгүй суугаа эрх баригчдыг мөн шүүмжилсэн юм. Б.Ган-Очир “Чөлөөт эдийн засгийн мөн чанарыг ойлгохгүй байна. Бараа, бүтээгдэхүүн тээвэрлэх зардлыг 10 саяас хэтрүүлэхгүй гэж хязгаарлалт тогтоосон. Гэтэл одоо бараа ачих хүн олдохгүй байна. Барилгын материалын үнэ өссөн тул тендерт шалгарсан компаниуд алдагдал хүлээлээ. Үнийн хөөрөгдлөөс үүдсэн олон эрсдэлийг даван туулах бэлтгэл ажлаа хийсэнгүй. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын сонгуулийн дараа хоёр дахь удаагаа Ерөнхий сайдаар сонгогдохдоо “Эдийн засгийг эрчимжүүлэх нь манай Засгийн газрын тэргүүлэх зорилт” гэж хэлсэн. Харин Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар сонгогдохдоо өмнөх Засгийн газрын үйл хэргийг үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн. Эдийн засгаа чөлөөтэй, зах зээлийн жамаар нь хөгжүүлэх учиртай” гэсэн юм. Замын-Үүдийн нөхцөл байдал, бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийн талаар АН-ынхан газар дээрээс нь удахгүй мэдээлэл хүргэх гэнэ.
СЕХ нэг намаас хоёр материал хүлээж авахгүй гэж байгаа нь зөв ч аль нь хүчин төгөлдөр байгууллага болохыг тогтоох ёстойг Б.Ган-Очир хөндлөө. Тэрбээр “Улсын дээд шүүх дэх бүртгэлээр бол АН-ын өмнөх даргыг түдгэлзүүлсэн. Дараагийн даргыг бүртгээгүй. Гэтэл манай намыг С.Эрдэнэ төлөөлөх эрхтэй гэдгийг СЕХ яаж тогтоосон нь ойлгомжгүй байна” гэв.
Ташрамд дурдахад, Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Болор-Эрдэнийг АН-ын хүний нөөцийн бодлого хариуцсан нарийн бичгийн даргаар томилжээ.