Өсвөр насны хүүхдүүд дахиад л гэмт хэргийн золиос болж, хохирлоо. Тодруулбал, өнөөдөр үүрээр 03.36 цагт Чингэлтэй дүүргийн аравдугаар хороо, Далан давхар явах замд "Гор газ"-ын зүүн талд зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, өсвөр насны жолооч машинаараа тус хорооны 15 дугаар гудамжны нэгэн хашааг мөргөж, осолджээ. Улмаар 12 насны эрэгтэй хүүхэд нас баржээ.
Шалгалт үзлэгээр улаан өнгийн "Honda Fit" маркийн 07-22 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2006 онд төрсөн Г жолоодож яваад хашаа мөргөсөн аж. Улмаар өөрөө болон зорчигч 15 настай Э, 16 настай А, 15 настай Э нар хүнд гэмтэж, зорчигч 12 настай Э нас барсан байна. Гэмтэл авсан дөрвөн хүүхдийг ГССҮТ-д яаралтай хүргэсэн байна.
"Honda Fit" маркийн 07-22 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Ж.Тулгаа гэх хүн байх боловч уг тээврийн хэрэгслийг жолоодож явсан Г-ийн төрсөн ээж нь худалдаж аваад нэр дээрээ шилжүүлж аваагүй байжээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд амь хохирогчийн нас барсан шалтгаан болон жолооч зорчигч нарын эрүүл мэндэд учирсан хохиролд гэмтлийн зэрэг тогтоолгохоор шинжээч томилсон, мөн жолооч зорчигч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоолгохоор цусны дээж авч хүргүүлсэн одоогоор шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байна.
Насанд хүрээгүй хүн элдэв хэрэгт холбогдож, хор хохирол учруулсан бол ар гэрийнхэн нь гэм хорын мөнгийг барагдуулдаг аж.