Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь хийдэд энэ оны наймдугаар сарын 9 буюу өчигдөр хулгай оржээ. Гэмт этгээдүүд Майдар бурхан гурав, Богд зонхов бурхан шавьтайгаа хоёр, Өндөр гэгээн Занабазар бурхан нэг, нийт 6 бурхан авсан гэнэ. Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид хамтран хойшлуулшгүй ажиллагаа явуулж, сэжигтнүүдийг шуурхай саатуулжээ. Тодруулбал, урьд өмнө хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан Ж, Б нар нь П, Б, Т гэх этгээдүүдийн хамт бүлэглэн үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад урьдчилсан байдлаар дээрх этгээдүүд Архангай, Өвөрхангай, Завхан аймаг, нийслэлийн Сонгинохайрхан, Багануур дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах сүм хийдүүдэд хууль бусаар нэвтрэн 6 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болохыг нь тогтоожээ. Мөн гэмт хэргийн замаар олж авсан эд зүйлсийг эд мөрийн баримтаар хураан авч шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Дээрх этгээдүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1-2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтайгаар Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газарт хүргүүлсэн байна.
Ташрамд дурдахад сүм хийд, аж ахуйн нэгжүүд стандартын шаардлагад нийцсэн камержуулалт суурилуулахад анхаарч, харуул хамгаалалт, хөршийн холбоогоо сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.