Баар, караокены үйл ажиллагааг хариуцлагын гэрээ байгуулан үе шаттайгаар нээх саналаа хотын даргад өгөөд долоо хонож буй. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар ч тэдний саналыг хүлээн авч, нааштайгаар шийдвэрлэхээ мэдэгдэж байв. Гэвч өнөөдрийг хүртэл нээх шийдвэр нь албажаагүй учир дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН-үүд үйл ажиллагаагаа нээх мэдэгдэл гаргалаа. Тэд мэдэгдэлдээ, "Төр засгийн ковидтой тэмцэх бодлогыг хүндэтгэн өнөөдрийг хүртэл хорио цээр, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг чандлан баримталлаа. 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн хамгийн удаан хугацаанд хязгаарлагдсан салбар бол караоке, баар. Хоёр жилийн хугацаанд хаахад караоке, баарны салбарынхан хамгийн их хүлээцтэйгээр төр засгийн шийдвэрийг хүндэтгэн дагасаар ирсэн билээ. Бизнес эрхлэгч нар үйлчлүүлэгчдээ алдахгүйн тулд үйлчлүүлэгчийн шинэ тутам гарч ирж байгаа хэрэгцээ шаардлагад нийцүүлээд үйлчилгээгээ сайжруулаад хамтдаа эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмд нийцсэн үйлчилгээ, стандартыг хамтдаа бий болгоод явах болно. Энэхүү мэдэгдэлээрээ бид цаашид энгийн горимоор нэмэлт дуу хөгжмийн тоног төхөөрөмжөө ажиллуулан энгийн горимоор ажиллахаа мэдэгдэж байна" хэмээн бичжээ. Ковидоос ч өмнө караоке бизнес эрхлэгчид Нийслэлийн соёл урлагийн газраас тусгай зөвшөөрөл өгөхдөө шаардсаны дагуу нэг удаагийн микрофоны маскыг ашиглан, халдвар хамгааллын дүрмээ ягштал мөрдөж ирсэн гэнэ. Харин өдгөө үйл ажиллагааг нь хааж, боож, удаа дараа утгагүй шийдвэр гаргаж байгааг эсэргүүцэж байна гэдгээ тэд илэрхийлж байгаа юм.