Энэ сарын 7-нд буюу өнгөрсөн ням гарагт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт бага насны хоёр хүүхдийг хутгалж, ноцтойгоор гэмтээсэн хэрэг гарсан. Уг гэмт хэргийн улмаас 13 настай "Э" охин амиа алдаж, долоон настай дүү нь Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн юм. Олон удаагийн хутганы шархыг дийлээгүйн улмаас 13 настай эгч нь газар дээрээ амиа алдсан бол долоон настай хүүгийн биеийн байдал маш хүнд байсан юм. Тэгвэл хүүгийн биеийн байдал дээрдэж, ухаан орсон хэмээн Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн ахлах мэргэжилтэн, хошууч Г.Золжаргал мэдээлэв.
Одоогоор тус хэргийг үйлдсэн байж болзошгүй хэмээн хохирогчдын үеэл болох 11 настай "Б"-г саатуулаад байгаа юм. Хэрэгт холбогдсон хүүгийн сэтгэцийн эрүүл мэнд болон, эл хэргийг яагаад үйлдэх болсон талаар шалгаж байгаа хэмээн Цагдаагийн алба хаагчид мэдээлэв.