Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор 24 тулам тээвэрлэн, нийслэл лүү нэвтрүүлэх гэж байсныг Тээврийн цагдаагийн албаныхан илрүүлжээ. Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс энэ жил манай улсын 18 аймагт тарваган тахал өвчин гарах өндөр эрсдэлтэй байгаа талаар анхааруулсан билээ. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан "Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг түр хугацаагаар хориглох" тушаал гаргасан.
Тушаалд:
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.4 дэх заалт Амьтны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж иргэдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах зорилгоор тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд 3 жилийн хугацаатай хориглосугай.
2. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, холбогдох төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж, зохих арга хэмжээг авч ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар /Ч.Батсансар/, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай" хэмээжээ.
Дээрх тушаалыг гаргаад удаагүй байхад иргэд ийм үйлдэл гаргасан учир Тээврийн цагдаагийн албанаас иргэдийг энэ төрлийн хориотой ан амьтны мах тээвэрлэхгүй байхыг анхааруулж байна.