Хэнтий аймгийн Дархан сумын Шажин гэх газар ачааны автомашин замын хажуу руу унаж, бүхээгийн төмөр хийцэд нь хүн хавчуулагдсан тухай дуудлагыг өчигдөр 23.23 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид 30 километр замыг туулан 00.44 цагт дээрх газарт очиход Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас Дорнод аймгийн Чойбалсан сумын чиглэлд ачаа тээвэрлэж явсан Дорноговь аймгийн харьяат иргэн 33 настай, эрэгтэйн жолоодож явсан "Норд бенз" загварын том оврын ачааны автомашин замын хажуу руу унасан байжээ. Ослын улмаас тус автомашины жолооч бүхээгийн төмөр хийцэд хавчуулагдан нас барсан байсан тул аврах ангийн алба хаагчид цогцсыг гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэлтэст шилжүүлж өгсөн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.