Өчигдөр буюу наймдугаар сарын 7-ны өдрийн 18.02 цагт Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах автомашины зогсоолд эмэгтэй хүн хэвтэж байна гэх дуудлагыг ирүүлжээ. Улмаар тус дүүргийн Цагдаагийн газрын хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид гурван минутын дотор дээрх газарт очиход бага насны хоёр хүүхэд халдлагад өртсөн байж болзошгүй ухаангүй байсан тул Яаралтай түргэн тусламж болон дээрх дүүргийн Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнийг дуудан хэргийн газрыг хамгаалалтад авсан байна.
Хэргийн газарт ирсэн Яаралтай түргэн тусламжийн эмчийн үзлэгээр нэг хүүхэд гадны нөлөөтэй буюу олон тооны хутганы шархнаас болж нас барсан, нөгөөх нь мөн адил шалтгаантай хүнд гэмтсэн байсныг тогтоожээ.
Тиймээс ЭЦА, НЦУГ, БЗД цагдаагийн газрын хамтарсан 50 хүний бүрэлдэхүүнтэй шуурхай ажлын хэсгийг байгуулан хэргийн газарт ажиллаж, гурван цагийн дотор хохирогчдын хэн болох, уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй сэжигтнийг олсон байна.
Дээрх гэмт хэргийн улмаас 13 настай эмэгтэй “Э” газар дээрээ амиа алдаж, түүний дүү болох долоон настай эрэгтэй “Э” хүнд гэмтэж, ухаангүй байгаа бөгөөд уг гэмт хэрэгт дээрх хохирогчидтой төрөл садангийн холбоотой 11 настай эрэгтэй “Б” гэгчийг холбогдуулан шалгаж эхэлжээ.