Орон сууцны урьдчилсан захиалга авч 456 иргэнд олон тэрбум төгрөгийн хохирол учруулсан "Нарны хүү, сарны охин" компанийн захирал Д.Гүрсоронз нарт холбогдох хэргийг даваа гарагт шүүх нь. Өнгөрсөн нэгдүгээр сард уг хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцээд яллагдагч нарын хүсэлтээр нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаан шийдвэрлэсэн удаатай. Улмаар хохирогчид үүнийг эсэргүүцсэн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна цуглаж, шударга ёс шаардаж байв.
Хэргийг нэхэн сануулбал тус компанийн захирал Д.Гүрсоронз, Д.Одгэрэл нар "Амгалан" орон сууцны төсөл хэрэгжүүлж, иргэдийг компанийн таван хувийн зээлд хамруулна хэмээн 10-30 хувийн урьдчилгаа төлбөр авсан. Улмаар тус байранд орохоор урьдчилгаа төлж, захиалга өгсөн 456 иргэн 12 орчим тэрбум төгрөгөөр хохирсон гэж маргадаг.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 3.7-1 дэх хэсэг /Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн/-г тус тус журамлан, мөн хуулийн 17.3-3.1 дэх заалтад /Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан/ заасан гэмт хэрэгт холбогдуулан Д.Батбаяр, Д.Гүрсоронз, Д.Одгэрэл нарт яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Тодорхой хэлбэл, 8.644.301.580 /найман тэрбум зургаан зуун дөчин дөрвөн сая гурван зуун нэг мянга таван зуун наян/ төгрөгийн хохирол бүхий 456 хохирогчид холбогдох 69 хавтаст хэрэг шилжүүлжээ. Шүүх хуульд заасан хугацаанд хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж Д.Гүрсоронз нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2021 оны наймдугаар сарын 9-ний өдрийн 09:00 цагт явуулахаар товлон зарлаад байна.