Токиогийн олимпын жүдо бөхийн тэмцээний зургаа дахь өдөр эрэгтэйчүүдийн -100 кг-д өрсөлдсөн Л.Отгонбаатар шөвгийн наймд шалгарах барилдаанд эсрэг багийн тамирчинд ялагджээ. Тэрбээр, "Рио 2016" олимпын наадмын татамид жүдо бөхийн хүрэл медалийн төлөөх барилдаанд хүч үзэхдээ гэмтэл авч, хагалгаанд орж байсан.
Л.Отгонбаатар эхний даваанд Эстонийн Г.Минаскинийг нэмэлт цагт торгуулиар ялсан.Дараагийн тойрогт Израилийн Петер Пальчиктай барилдсан. Петер Украинд төрсөн, самбо бөхийн Универсиад наадмын мөнгөн медальтай бөх. Жүдо бөхийн 2020 оны Европын аварга. Хоёр бөх 2019 онд нэг таарч барилдахад израиль бөх ялж байжээ. Бөхчүүд үндсэн цагт үнэлгээ аваагүй тул барилдаан нэмэлт цагт үргэлжилж, Петер Пальчик 58 дахь секундэд вазари авснаар дараагийн шатанд шалгарч, манай бөх харамсалтай нь тэмцээнээ дуусгалаа.