Сайед Моллай энэ олимпод одтой яваа, томчуудыг нураасаар ирсэн Австрийн бөх Шамил Борчашвилитэй барилдлаа. Тэд өмнө нь хоёр барилдаж ээлжлэн хожоод байсан юм. Энэ удаа тэрбээр илүү гэдгээ дахин баталж, яллаа. Тодорхой хэлбэл, манай бөх барилдаан эхлээд удаагүй байхад сэжиж унагах мэхээр вазари үнэлгээ авч, давуу байдлыг бий болгосон. Улмаар цаг дуусахаас минутын өмнө дархан өмсөх мэхээрээ дахин вазари авч, иппон үнэлгээгээр цэвэр ялав. Монгол Улсын төрийн далбаа руу байн байн заан инээмсэглэх тэрбээр аваргын АЛТАН медалийн төлөө хэдхэн хормын дараа дахин дэвжээнд гарах болно.
Одоо тэрбээр олимпын наадмын алтан медалийн төлөө Японы Т.Нагасе, Бельгийн М.Кассе нарын ялсантай барилдана. Монголын баг ээлжит медалиа авах нь ийнхүү тодорхой боллоо.