Эрэгтэйчүүдийн 81 кг-ын гол өрсөлдөгчдийн нэг, Азийн АШТ-ий нэг мөнгө, хоёр хүрэл медальт Сайед Моллай Монгол Улсыг төлөөлөн олимпын дэвжээнд зодоглож буй. Монгол Улсын нэрийн өмнөөс барилдаж буй гадаадын анхны тамирчин юм. Тэрбээр хоёр дахь тойрогт Казахстаны бөх Дидар Хамзатай барилдаж цэвэр ялалт байгуулан, шөвгийн 16-д шалгарлаа.
Тэрбээр Казахстаны залуу жүдоч, тивийн аваргын алт, мөнгөн медальт Дидар Хамзад өмнө нь хоёр удаа ялагдаж байв. Харин энэ удаа олимпын дэвжээнд хянуур болгоомжтой барилдаж, өрсөлдөгчөө үүрэх мэх хийгээд дутуудахад нь тэвэрч эргээд цэвэр ялалт байгуулав. Одоо С.Моллай шөвгийн 8-д үлдэх эрхийн төлөө Азербайжаны залуу жүдоч Мурад Фатиевтэй барилдана. Хоёр бөх хоорондоо анх удаа таарч буй.