Олимпын наадмын сүүлийн 53 жилийн түүхэн дэх хамгийн залуу оролцогч Токиод ирээд байна. Тэр бол “Токио-2020”-ийн ширээний теннисний төрөлд 12 нас, 205 өдөртэйдөө оролцсон Хенд Заза юм. Олимпын наадмын нээлтийн ёслолд түүнийг Сирийн төрийн далбааг барин жагссаныг нь спорт сонирхогчид харсан биз ээ. Тэрбээр маргааш нь шууд эхний тоглолтдоо оролцсон юм. Нээлтийн ёслолд бэлтгэх, оролцохын тулд таван цаг зарцуулсан, Сири болон Японы хооронд зургаан цагийн зөрүү байсан зэрэг нь түүний тоглолтод сөргөөр нөлөөлжээ. Гэвч түүнд сонголт байсангүй, тэрбээр Сирийн багийн зургаан тамирчин дундаа ганц эмэгтэй нь учраас төрийн далбаагаа барьж, нээлтэд оролцохоос өөр аргагүй болсон аж (тэгш эрхийг илтгэн харуулахын тулд улс бүр эрэгтэй, эмэгтэй тамирчнаар туг бариулахыг ОУОХ-ны шинэ дүрэмд тусгасан).
Хенд Зазагийн эхний өрсөлдөгч нь зургаа дахь олимпдоо оролцож буй, Австрийн тамирчин Лю Жиа (39 нас) байлаа. Тэрбээр 2005 онд Зазаг төрөхөөс дөрвөн жилийн өмнө Европын аварга болж байсан юм. “Чамаас хоёр насаар эгч тамирчинтай ээж нь тоглох гэж байгаа” хэмээн охиндоо хэлэхэд “Та тэгвэл ялагдах эрхгүй юм байна” гэж хариулсан шүү” хэмээн Лю тоглолтын дараа ярьжээ. Нас болон ур чадварын ихээхэн зөрүүтэй хоёр тамирчны хооронд айхавтар өрсөлдөөн өрнөсөнгүй, сири охин дөрвөн сет дараалан (4-11, 9-11, 3-11, 5-11) хожигдов. “Олимпод оролцох нь том амжилт юм. Надаас ялахыг бус, харин сайн тоглохыг л багийнхан маань хүссэн. Өнөөдөр би давгүй тоглосон болов уу. Ялагдлаасаа их зүйл сурч авлаа” хэмээн Заза өгүүлсэн байна.
Хенд Заза таван настайгаасаа ширээний теннисээр хичээллэж эхэлсэн бөгөөд иргэний дайнд нэрвэгдсэн улсад хүүхэд насаа өнгөрүүлж буй түүний хувьд эл спорт л баяр хөөр, аз жаргалын үндэс нь болдог ажээ. Тэрбээр дөрвөн насны ангилалд улсынхаа аварга болсон анхны сири тамирчин төдийгүй олимпын наадмын эрх авсан анхны сири теннисчин юм. Заза өнгөрсөн оны гуравдугаар сард Йорданд болсон, Баруун өмнөд Азийн сонгон шалгаруулах тэмцээнд түрүүлснээр олимпын эрхээ авчээ.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар