“Токио-2020” олимпын шүүгч, Төрбатын Энхцэцэгийн яриаг та бүхэнд хүргэж байна.
-Олимпын наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын финалын барилдааныг та шүүсэн. Энэ нь Монголын спортын түүхэнд анх удаа эмэгтэй шүүгч олимпын наадмын финалын барилдааныг дэнсэлсэн явдал боллоо. Манай уншигчдад сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Би “Токио-2020” олимпод Алтан медалийн төлөөх тэмцээнийг л шүүх гэж ирсэн. Шүүгчээр 20 жил ажиллахдаа үүнийг л мөрөөдсөн юм. Тиймээс маш их баяртай байна.
-Олимп шүүнэ гэдэг амаргүй даваа. Таны хувьд эрхээ хэрхэн авсан бэ?
-2017 оноос хойш Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулсан 50 гаруй тэмцээнийг шүүсэн. Тухайлбал, Дэлхийн аварга, Өсвөр үе, Залуучуудын дэлхийн аварга зэрэг олон улсын чансаатай тэмцээнийг шүүж байв. Шүүсэн тэмцээн бүрээсээ оноо цуглуулж, зэрэглэлээ тогтоодог. Миний хувьд сүүлийн гурван жил дэлхийн шүүгчдийн чансааг тэргүүлсэн. Ингээд 2020 оны хоёрдугаар сард шүүх эрхээ авснаа мэдсэн юм. Яг цар тахлын үед мэдсэн учир өмнөх тэмцээнийхээ дүрч бичлэгийг үзэж, алдаагаа харж, цаг тутамд өөрийгөө хөгжүүлэхийг хичээсэн.
-Тамирчдын ур чадвар өссөн энэ үед Олон улсын олимпын хорооноос технологийн дэвшлийг шүүх явцад нэвтрүүлсэн. Дэвжээн дээр олон техниктэй зэрэгцэж ажиллахад өндөр ур чадвар шаарддаг уу?
-Секунд бүрд юу болж байгааг хүний нүд гүйцэхгүй. Тиймээс тэмцээнийг шүүхэд техникийн тусламж зайлшгүй хэрэгтэй. Мөн шүүгчийг хянаж буй 16 камераас хэн ч бултаж чадахгүй учир шударга шүүлтийн баталгаа юм.
-Өчигдөр эрэгтэйчүүдийн 66 кг-д манай улсын тамирчин Ё.Басхүү барилдаад өрсөлдөгчөө давсан. Гэвч сүүлийн мөчид шүүгч ялалтыг эсрэг талд өгсөн. Энэ талаар тайлбарлаж өгөөч.
-Босоогоос мэх хийж байгаа тохиолдолд эцсийн байдлаар оноо авах хүртэл өрсөлдөгчийнхөө хөлд хүрч болохгүй. Ё.Басхүүгийн хувьд мэхээ хийх явцдаа хөлд нь хүрч, гараараа түлхсэн учир ОУОХ-ноос бичлэгийг хараад, дүрмийн дагуу ялалтыг эсрэг талд өгсөн.
-Үзэгчгүй олимп шүүх сэтгэл зүйд тань нөлөөлж байна уу?
-Огт нөлөөлөхгүй. Үзэгчтэй байсан ч бусдын нөлөөнд автахгүй, хоёр тамирчныхаа тоглолтод анхаарч, төвлөрөх ёстой. Өөрөөр хэлбэл, орчны дуу авианаас өөрийгөө тусгаарладаг гэсэн үг. Хэрвээ бусдын нөлөөнд автбал шүүж чадахгүй шүү дээ.