1960-1999 онд нийслэлийн ногоон бүсэд ойн түймрээс хамгаалах ажлыг үе шаттай хэрэгжүүлж, 40 метрийн өргөн, 2-6 километрийн урттай, 10 зурвас байгуулжээ. Эдгээрээс Халзангийн даваанаас баруун тийш чиглэсэн 0.8, Шарга морьтоос зүүн хойш чиглэсэн 1.6 километрийн урттай зурвасыг 2020 онд сэргээсэн гэнэ. Тэгвэл энэ жил Батлан хамгаалах яамны харьяа ойн мэргэжлийн байгууллагын эрхтэй Зэвсэгт хүчний 310 дугаар ангийнхан Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Ар гүнтийн амны ойн санд 1.8 метрийн урт түймрийн халз зурвас шинэчлэн сэргээх ажлыг эхлүүлээд байна. Түймрийн халз зурвас байгуулах, шинэчлэн сэргээх ажлыг хэрэгжүүлснээр ой, хээрийн түймэр гарах, тархах аюулыг багасгах, эрчмийг сааруулах, тархалтын хурдыг бууруулах, зогсоох төдийгүй ногоон бүсэд амьдарч буй иргэд, өрхийн эд хөрөнгө, амийг эрсдэлд орох аюулаас хамгаалах, урьдчилан сэргийлэх зэрэг олон төрлийн ач холбогдолтой хэмээн нийслэлийн Байгаль орчны газрынхан мэдээлэв.