Өнөөдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хэсгийн Хараа, Туул, Хэрлэн, Онон, Алтай нурууны Ховд, Увс нуурын сав газар болон Түргэн голын ус үерийн түвшинг 5-10 сантиметрээр давсан хэмээн Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Мөн Их Хянганы нуруунаас эх авсан Халх гол Ялалт баг орчимд үерийн аюултай түвшин 15 сантиметрээр даван, үерлэж байгаа аж. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар борооших төлөвтэй байгаа тул гол мөрний сав дагуу нутаглаж буй малчид, иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг дээрх газраас анхааруулав. Мөн өнөө шөнө Хөвсгөлийн нутаг, Булганы хойд хэсгээр аадар, усархаг бороо орох гэнэ.