Хүн амын суурьшлын бүс тэлсэнтэй холбоотойгоор Монгол тарваганы тархац нутаг хумигдаж, улмаар идэш тэжээл хайн хот газар орж ирэх, зэрлэгшсэн нохдод бариулах, айлын хашаанд идээшлэх зэрэг дуудлага мэдээлэл сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсон талаар нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв. Үүнээс шалтгаалан Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс ирүүлсэн судалгааны дүнд “Тарваган тахал” өвчин гарах эрсдэл нийслэлийн суурьшлын бүсэд өндөр байгааг анхааруулжээ.
Тиймээс нийслэлийн Байгаль орчны газрынхан БОАЖЯ-аас зөвшөөрөл авсны дагуу 2017, 2020 онд Санзай, Майхан толгой, Хуурай мухар, Шаргаморьтын амны суурьшлын бүсээс 134 бодгаль тарвагыг ЗӨСҮТ, ан амьтны мэргэжлийн байгууллагуудтай хамтран Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт шилжүүлэн нутагшуулж, тухайн газарт дасан зохицож буй эсэх тал дээр байгаль хамгаалагчийн үүрэг оролцоотойгоор мониторинг судалгаа хийжээ. Судалгаагаар тарваганы тоо толгой өссөн үр дүн гарсан байна. Энэ жил ан амьтны мэргэжлийн байгууллага болох Хөдөө аж ахуйн их сургуулийн “Агнуур судлалын нийгэмлэг” төрийн бус байгууллагынхан хамтран Баруун салаа, Өвөргүнт, Хуурай мухар, Шаргаморьтын амны зуслангийн бүсээс айлын хашаанд орж ирсэн есөн бүлийн 53 бодгаль тарвагыг шилжүүлэн нуутагшуулжээ. Ингэхдээ ЗӨСҮТ-ын түргэвчилсэн оношлуураар тарваган тахлын халдварыг шалган Багахангай дүүргийн I хорооны нутаг шилжүүлэн, шинэ орчинд дасан зохицож буй, эсэх талаар судалгаа хийх аж. Тарвага нь газар доогуур олон салаа нүх ухаж, хөрсний өнгөн давхрааг сийрүүлж, агаар ус нэвтрүүлснээр бүтцийг сайжруулж, ургамал ургах таатай нөхцөлийг бүрдүүлдэг ач тустай амьтан аж.