Нийслэлийн ойн сан бүхий газар нутгийн орох, гарах гарцыг хааж, хашаа, хайс барих явдал сүүлийн жилүүдэд гаарах болсон. Тэгвэл нийслэлийн Байгаль орчны газраас яаралтай тохиолдолд ойн сан бүхий газар руу нэвтрэх гарцыг хааж барьсан хашаа, хайсыг буулгаж эхэллээ. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын 2020 оны А/454 дүгээр захирамжийн хүрээнд дээрх газрынхан Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаныхантай хамтран Өвөрт гүнтийн зуслангийн ойн сан бүхий газрын орц, гарцыг хааж хашлага барьсан байсан дөрвөн зөрчлийг илрүүлж, арилгуулсан байна. Хашаа, хайсыг буулгаж, шуурхай албаны автомашин чөлөөтэй нэвтрэх боломжийг хангах үүднээс 4.5-5.5 метрийн өргөнтэй зам гаргасан гэнэ.