Баян-Өлгий аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн зургаан сурагч нуурын усанд живж, амиа алдсан хэрэг гарчээ.
Тодруулбал, тус аймгийн Толбо сумын нутаг орших Хар нуур руу энэ сарын 10-нд загасчлахаар явсан 12 дугаар ангийн зургаан хүүхэд сураггүй болсон талаарх дуудлагыг тус аймгийн Онцгой байдлын газарт хүргүүлжээ. Улмаар эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулсан байна.
Харамсалтай нь, өнөөдөр өглөө Онцгой байдлын алба хаагчид зургаан хүүхдийн цогцсыг Хар нуурын 5-10 метрийн гүнээс олжээ.
Цаг уур, орчны шинжилгээний газраас гол, мөрний усны түвшин нэмэгдэж, үерлэж байгааг мэдээлж буй бөгөөд ард иргэдийг анхаарал, болгоомжтой байх, бага насны хүүхдийг голын ойролцоо тоглуулахгүй, хараа хяналтаа сайжруулах, баталгаатай зам гарцаар зорчихыг анхааруулж байна.