ОХУ Нээлттэй тэнгэрийн гэрээнээс (НТГ )гарч буй тухай тус улсын Гадаад хэргийн яам өчигдөр мэдэгдлээ.
НТГ-г хүчингүй болгох хуулийг Төрийн Дум 5 дугаар сарын 19-нд санал нэгтэй баталсан бол Ерөнхийлөгч В.Путин уг хуульд өчигдөр гарын үсэг зуржээ. "Оросын тал НТГ-ийн үндсэн заалтуудтай нийцүүлэн шинэ нөхцөлд гэрээний оршин тогтнох чадварыг хадгалах талаар тодорхой санал дэвшүүлсэн. Гэвч АНУ-ын холбоотнуудаас дэмжлэг аваагүйд бид харамсаж байна" гэж мэдэгдэлд дурджээ.
“АНУ зохиомол шалтгаанаар гэрээг орхих шийдвэр гаргасан нь” оролцогчдын ашиг сонирхлын тэнцвэрийг алдагдуулж, НТГ-ийн "итгэлцэл, аюулгүй байдлыг бэхжүүлэх” үүрэг ролийг бууруулсан" гэж Оросын гадаад бодлогын газар нэмж тайлбарласан байна. АНУ өнгөрсөн оны 11 дүгээр сард гэрээнээс албан ёсоор гарч, шийдвэрээ ОХУ гэрээний хэд хэдэн зүйл заалтыг зөрчсөнтэй холбон тайлбарлажээ.
Цэргийн салбарт нээлттэй, ил тод байдлыг хангахын тулд гишүүн орнуудын нутаг дэвсгэр дээгүүр зэвсэггүй онгоцоор ажиглалтын нислэг үйлдэнэ гэж гэрээнд заасан байдаг. Түүнчлэн гэрээнд нислэг үйлдэх зохицуулалт, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих механизмыг тодорхойлох, нислэгт тавигдах шаардлага зэргийг тусгасан байдаг аж.