Иракийн өмнөд хэсгийн Дхи Кар мужид мукормикоз өвчин үүсгэдэг хар мөөгөнцрийн халдварын улмаас хоёр хүн нас барсан тухай “Rudaw” суваг орон нутгийн эрүүл мэндийн газрын эх сурвалжийг дурдан мэдээлэв.
"Насирияа хотод хар мөөгөнцрийн халдвар авсан дөрвөн тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барсан. Эдгээр хоёр тохиолдол нь коронавирусийн халдвараас үүдэлтэй хүндрэлтэй холбоотой" гэж эх сурвалж хэлсэн байна.
Хар мөөгөнцөр нь хүрээлэн буй орчинд байдаг бөгөөд мукормикоз нэртэй өвчин үүсгэж, дархлаа султай хүмүүсийг үхэлд хүргэх аюултай аж. Мөөгөнцрийн спор нь амьсгалаар, шарх, түлэгдэл зэргээр дамжин уушги, хамрын хөндий, тархийг гэмтээдэг.
Өмнө нь эл өвчин Энэтхэгт тахлын хэмжээнд хүрсэн тухай мэдээлсэн билээ. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар маш олноороо COVID-19-өөр өвдөөд эмчлүүлсний дараа хар мөөгөнцөр тархаж эхэлсэн байна. Учир нь коронавирусийн эмчилгээнд хэрэглэдэг стероид нь дархлааг дарангуйлж, мөөгөнцрийн өвчинд нэрвэгдэх эрсдэл дагуулдаг аж.