Өнгөрсөн баасан гаргийн нэгдсэн хуралдаанаар Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүнг хэлэлцэв. Энэ талаарх мэдээллийг Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа танилцуулсан. Тооллогын дүнгээр Монгол Улсын хүн ам 3 296 866, өрхийн тоо 897 427 байв. Манай хүн ам өмнөх тооллогоос буюу 2010 оноос хойш жилд дунджаар 2.2 хувиар өсжээ. Түүнчлэн хүн ам нь насны бүтцийн хувьд залуу хэвээр, тухайлбал, 31.5 хувийг 0-14, 64.4 хувийг 15-64, 4.1 хувийг 65 ба түүнээс дээш насныхан эзэлсэн байна. Хөдөлмөрийн насны 100 хүнд ногдох хүүхэд, ахмад настан гэх мэт тэжээлгэгч хүн амын тоо 55.3 бол голч нас 27.9 болсон нь сүүлийн 30 жилд 10 насаар нэмэгдсэн дүн аж. Нийт хүн амын 3.7 хувь буюу 122 мянга нь гадаадад зургаа ба түүнээс дээш сарын хугацаагаар оршин сууж, иргэдийн гадаад улс руу явсан зорилгыг оршин суугаа улсаар авч үзвэл, Энэтхэг, ОХУ, БНХАУ, Япон, Австрали, Герман, Ирланд улсад суралцахаар, Казахстан, Польш, Их Британи, АНУ-д суурьшихаар, БНСУ, БНЧУ, Унгар, Швед, Турк, Швейцар, Польш улсад хөдөлмөр эрхлэхээр түлхүү явжээ. Хүн амын 46 хувь нь Улаанбаатар, 19 хувь нь хангай, 16 хувь нь төв, 13 хувь нь баруун, долоон хувь нь зүүн бүсэд оршин сууж байна. Харин аймаг, нийслэл хоорондын шилжих хөдөлгөөнд оролцогчид нийт суурин хүн амын 23 хувийг эзэлж байгаа нь өмнөх тооллогын дүнгээс буурчээ. Шилжсэн иргэдийн 68 хувь нь Улаанбаатарт ирсэн байна. Мөн Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт шилжин ирэгсэд олон аж.
Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 106.4 мянган иргэн байгаа нь суурин хүн амын 3.3 хувийг эзэлж буй бол 15, түүнээс дээш насны хүн амын 98.7 хувь нь бичиг үсэг тайлагдаж, 10, түүнээс дээш насныхны 95.1 хувь нь ямар нэгэн түвшний боловсролтой байна. Улсын хэмжээнд өрхийн ам бүлийн дундаж тоо 3.6, анхны гэрлэлтийн дундаж нас 27.7 болжээ. Зургаа ба түүнээс дээш насны нийт суурин хүн амын 87.8 хувь нь гар утас хэрэглэж байгаа бол 64.7 хувь нь интернэт хэрэглэгч байгааг онцлов. Мөн 15, түүнээс дээш насныхны 59.7 хувь нь ажиллах хүчинд, 40.3 хувь нь ажиллах хүчнээс гадуурх хүн амд багтсан байна. Ажилгүйдлийн түвшин 2020 онд 9.9 хувь болж, өмнөх тооллогын үеийнхээс 5.4 пунктээр буурчээ. Байшин, орон сууцны тооллогоор хүн байнга амьдарч байгаа 770.9 мянган сууцад 897.4 мянган өрх амьдарч байгаа гэнэ. Нийт өрхийн 38.2 хувь нь гэр, 60.9 хувь нь байшин, 0.9 хувь нь бусад төрлийн сууц, 29.5 хувь нь инженерийн бүрэн хангамжтай орон сууцад амьдарч байна.
Үндэсний статистикийн хорооноос эл тооллогын дүнд үндэслэн хүн амын хэтийн тооцоог аймаг, нийслэлээр 2021 онд тооцож гаргах юм байна. Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваагийн хэлснээр тооллогыг цаашид жил, сараар хийх боломжтой аж. Улмаар уг тооллогын дүнг бусад их өгөгдлийн мэдээлэлтэй уялдуулан ашиглах талаар нэгдсэн томоохон бодлого боловсруулах ажлын хэсгийг гишүүн Х.Булгантуяагаар ахлуулан байгуулахаар болов.