УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Өмнөх болон одоогийн Төрийн тэргүүн нарыг Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвших эрхгүй гэж дүгнэсэн Цэцийн шийдвэрийг УИХ хүлээн авч, дээрх хуулийг баталсан бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан билээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир хоригийн үндэслэлийг танилцуулав. Тэрбээр “Төрийн дээр МАН заларч, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллага, албан тушаалтнуудыг эрхшээн захирч, дарамтлан дарангуйлах замаар Үндсэн хуульт ёсыг алдагдуулж, үндэсний эв нэгдлийг задлах зорилготой үйл ажиллагаа явуулж байгаа нь өдрөөс өдөрт ил боллоо. Г.Занданшатар даргатай УИХ-ын 62 гишүүн үүнийг хуулиар баталгаажуулж, Монгол Улсыг гутамшигтай байдалд оруулж байна. Үндсэн хуульд огт нийцэхгүй, нэг хүнд зориулсан шийдвэрийг Цэц гаргасан. Уг шийдвэртээ “Үндсэн хуулийн 30.2 дахь хэсгийн “… зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалт, мөн тус хуулийн 31.7 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсон нь урьд өмнө Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан болон ажиллаж байгаа иргэн дахин Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй байх утгыг илэрхийлж байна” гэж дурджээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийг “Зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж шийдвэрлэсэн.
Гэтэл Цэц “…зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн дөрвөн үгийг өнгөрсөн гучин жилийн хугацаанд эргэж үйлчлэх ёстой гэсэн хууль зүйн ямар ч онол, номлолд нийцэхгүй, МАН-ын захиалсан шийдвэрийг гаргасан” гэв. Гишүүд хоригтой холбогдуулан асуулт тавьж, байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд хоёр л өөрчлөлт оруулсан. Үүнд Ерөнхийлөгч хориг тавьсан. Хүчингүй хуулийн дагуу сонгуулиа зохион байгуулж байна гэж АН-ын гишүүд ярьж эхэллээ. УИХ дөрөвдүгээр сарын 29-нд хуульд өөрчлөлт оруулаад баталчихсан. Ингэж батлаагүй бол Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавигдах шаардлагатай холбоотой хоёр заалтыг Цэц түдгэлзүүлсэн учраас асуудал үүсэх байсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахдаа тодорхой заалтыг хассан гэж зарим хуульч худал тайлбар хийж байна лээ. Үндсэн хуулийн “…сүүлийн таван жил эх орондоо байнга оршин суусан” гэх заалтыг У.Хүрэлсүхэд зориулаад түдгэлзүүлсэн гэх. Ийм зүйл огт хийгээгүй” гэв. Харин гишүүн Б.Пүрэвдорж “Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьсан. Хориг тавьсан тохиолдолд энэ хууль үйлчлэх ёсгүй. Нэр дэвшигчид тавигдах тодорхой шалгуурт нь хориг тавьсан үед тэднийг СЕХ бүртгэсэн нь хууль бус. Ерөнхийлөгчийн хориг тавьсан байх хугацаанд нэр дэвшигчдийг бүртгэснээ эргэж харах зайлшгүй шаардлагатай” хэмээж байв. Байнгын хорооны гишүүдийн олонх Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахгүй гэдэгт санал нэгдлээ.
АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАХЫГ ХОЙШЛУУЛЛАА
Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгах үүрэгтэй ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгээр ахлуулан байгуулах тухай тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх хуваарьтай байсан ч хойшлуулав. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийг байгуулаад удаагүй, гүйцэтгэх захирлыг нь саяхан томилсон тул хуулийн хэрэгжилтийг шалгахаа хойшлуулах саналыг гишүүд гаргасан юм. Нэг байгууллагын үйл ажиллагаанд байнгын хорооны гишүүд хөндлөнгөөс оролцох шаардлагагүй, хэрэв зайлшгүй нөхцөл бүрдсэн бол сонгуулийн дараа үүнийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
“ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ХУУЛИЙГ БАРИМТЛАН ХҮНИЙГ ЯЛЛАЖ БОЛОХГҮЙ”
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар мөн Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн, хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Дараа нь Үндсэн хуулийн цэцийн дөрөвдүгээр дүгнэлтийг хэлэлцсэн юм. Уг дүгнэлтэд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4-1.3 дахь заалтад “…тухайн эрүүгийн хэрэгт хэрэглэх хуулийн заалт Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаарх гомдлыг Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэн хянан шийдвэрлэж байгаа бол…” гэж, 34.17.4 дэх хэсэгт “Шүүх хэрэглэх хууль нь Үндсэн хуульд нийцсэн, эсэхийг хянан шийдвэрлэх маргаан Цэцэд үүссэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ” гэж заасан нь Үндсэн хуулийн 1.2 дахь хэсгийн “… тэгш байдал…-г хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 14.1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэж заасныг зөрчсөн байна” гэжээ. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүхээр хэлэлцэж байгаа аливаа асуудалд хэрэглэж байгаа хуулийг Үндсэн хууль зөрчсөн гээд маргаан үүсгэсэн бол түдгэлзүүлэх л ёстой. Үндсэн хуулийг зөрчсөн хуулийг баримталж, хүнийг яллаж болохгүй” гэв. Байнгын хорооны гишүүдийн олонх нь Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй гэдэгт санал нэгдлээ.
Бэлтгэсэн: Б.Нандин