Тавдугаар сарын 6-ны Пүрэв гарагт Мальдивын нийслэл Мале хотод болсон дэлбэрэлтэд тус улсын Ерөнхийлөгч асан, одоогийн Парламентын дарга Мохамед Нашид өртөн шархаджээ. Энэ тухай Мальдивын цагдаагийн газрын цахим хуудсанд мэдээлсэн байна.
Орон нутгийн “Sun Online” сонинд мэдээлснээр дэлбэрэлт экс ерөнхийлөгчийн гэрийн ойролцоо болжээ. Дэлбэрэлтийн улмаас түүний бие хамгаалагч, хөндлөнгийн нэг хүн, гадаадын нэг иргэн гэмтсэн байна. Мөн тус улсын зэвсэгт хүчиний мэдэгдэж буйгаар дэлбэрэлтэд гурван цэргийн албан хаагч шархаджээ.
Хэрэг явдалтай холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Ибрагим Мохамед Солих Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулахаар болсон байна.
Дэлбэрэлт экс Ерөнхийлөгчийг буюу Эрх баригч Мальдивын Ардчилсан намын тэргүүн Нашидийг хөнөөх зорилготой "террорист халдлага" гэж Мальдивын Ардчилсан нам үзэж байгаагаа мэдэгджээ.
Цагдаа нар хэргийн газарт ажиллаж байна.