Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутагт уул уурхай-металлург-химийн үйлдвэрийн цогцолбор байгуулахаар Засгийн газрын хуралдаанаас өчигдөр шийдвэрлэлээ. Улмаар үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Эрдэнэт үйлдвэр”-т олгов. Тус ТӨҮГ 1.8 их наяд төгрөгөөр зэсийн баяжмал хайлах, боловсруулах, засвар механикийн, исэлдсэн хүдэр боловсруулах, хүхрийн хүчлийн болон эмулсийн тэсрэх бодисын үйлдвэр барих юм. Төслийг хэрэгжүүлснээр эхний 20 жилд 46 их наяд төгрөгийн орлого олж, 3.9 их наяд төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллан, төсөвт 1.4 их наядын татвар төлөх тооцоо гарчээ.
Үүнийг ашиглалтад оруулснаар Эрдэнэтийн овоо стратегийн ордын нөөцийг бүрэн ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулж өгөөжийг нь хүртэх ач холбогдолтой. Мөн өрсөлдөх чадвартай, дэвшилтэт технологид суурилсан үйлдвэр кластераар хөгжих, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэх, дагалдах олон үйлдвэр нэг газар төвлөрөх нөхцөл бүрдэнэ гэж үзэж буй юм. Цаашлаад улс, орон нутгийн төсвийн орлого нэмэгдэх, Эрдэнэтэд эхний ээлжид 1000 орчим ажлын байр бий болох гэнэ.
Бэлтгэсэн: У.Наран