Манай улсын засгийн газар ОХУ-тай хийсэн гэрээнийхээ дагуу эхний ээлжинд 20,000 тун Cпутник V вакциныг хүлээн авсан. Тэгвэл тус вакциныг хэзээнээс эхэлж иргэдэд хийх талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох тодрууллаа. Тэрбээр, "Спутник V вакцины хоёрдугаар тун ОХУ-аас хэзээ орж ирэх нь тодорхой болсны дараа иргэдэд уг вакциныг хийж эхэлнэ. Учир нь коронавирусийн эсрэг вакцин заавал давтан тун хэрэглэж буй. Тиймээс бид хэзээ ОХУ-аас давтан тунг авах бололцоотой болно, үүний дараа хэрэглээнд оруулахгүй бол вакцины тун хоорондын зайд асуудал үүсэх юм. Иймд 20,000 тун Cпутник V вакциныг одоогоор хэрэглээнд нэвтрүүлээгүй бөгөөд ямар иргэдэд хэрэглэх талаар бид удахгүй дэлгэрэнгүй мэдээллийг өгнө" гэдгийг хэлэв.
Мөн Эрүүл мэндийн яам болон Засгийн газраас хувийн хэвшлүүдэд вакцин оруулж ирэх зөвшөөрлийг олгосон. Энэ хүрээнд хувийн хэвшлийнхэн тодорхой тооны Спутник V вакцин оруулж ирээд иргэдийг дархлаажуулж байна гэдгийг онцлов.