Монгол улсад коронавирусын халдвар (Ковид-19)-ын цар тахлын үеийн болон сүрьеэ өвчний илрүүлэг, хүндрэлийг эрт оношлох, оношилгооны чадамжийг дээшлүүлэх, хавьтал болон өндөр эрсдэлтэй бүлгийн хүн амын дундах эрт илрүүлэг, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй чанартай, хүртээмжтэй хүргэхэд нэн шаардлагатай зөөврийн дижитал рентген аппаратыг "Глобаль сан"-гийн дэмжлэгтэйгээр 11 эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өглөө. Энэ үеэр Эрүүл мэнд сайд С.Энхболд "Монгол улсад үүсээд байгаа цар тахлын хүнд үед орон нутагт эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад орчин үеийн арга технологийг нэвтрүүлэн ажиллахад тодорхой дэмжлэг болж буй эдгээр зөөврийн рентгенүүдийг аймгуудад хүлээлгэн өгч байгаад нэн таатай байна.Цаашид бид орон нутагт үзүүлж буй эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарал хандуулан тодорхой шинэчлэл, өөрчлөлтүүдийг бодлогын түвшинд хийж ажиллах бөгөөд эмч, сувилагч эрүүл мэндийн ажилтан та бүхнийхээ нийгмийн асуудлыг ч онцгой анхаарч ажиллана гэдгээ хэлэхэд таатай байна" гэв.
Ташрамд дурдахад, Эрүүл мэндийн яамнаас сүүлийн хоёр жилийн хугацаанд 26 ширхэг зөөврийн дижитал рентген аппаратыг 21 аймаг, ХӨСҮТ, Сонгинохайрхан, Налайх, Багануур дүүрэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 429, 461-р хорих ангиудад хүлээлгэн өгсөн байна.