УОК-ын шийдвэрийн дагуу энэ сард нийт 16 удаагийн тусгай нислэгээр 2.978 иргэнээ гадаадаас татан авахаар боллоо. Хуваарийн дагуу өнөөдрийн байдлаар хоёр удаагийн нислэгээр БНСУ болон Японоос 373 иргэн эх орондоо ирээд байна. Тиймээс энэ сард үйлдэх тусгай нислэгийн хуваарийг танилцуулж байна.
Тусгай нислэгийн тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжиж байгаа тул батлагдсан нислэгийн хуваарийн дагуу тасалбар худалдан авах иргэд агаарын тээвэрлэгчдэд шууд хандах гэнэ. Монгол Улсыг зорин ирэх зорчигчдын хувьд үүсэж болох аливаа хүндрэлээс зайлсхийх үүднээс тусгаарлах байрны захиалга болон төлбөрийг баталгаажуулсан байхыг заавал шаардах аж. Энэхүү хуваарь нь "Ковид-19" цар тахлын тархалтаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, УОК-оос гаргах шийдвэртэй уялдан өөрчлөгдөж болохыг УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.