Дэлхий нийт "Ковид-19"-ийн эсрэг вакцинд найдаж хөл хориогоо сулруулж эхэллээ. Харин манай улсын хувьд өвчлөл хүндэрч 110 хүн нас бараад байна. Тиймээс УОК өчигдөр орой цахимаар хуралдаж зарим асуудлыг хэлэлцсэн гэнэ. Тодруулбал агаарын хилийг тавдугаар сарын 10-наас нээж, ачаа болон зорчигч тээврийг хэвийн горимд шилжүүлэхээр санал нэгдсэн байна.
ИНЕГ-аас агаарын хилийг нээх бэлтгэлээ хангаснаа мэдэгдээд байсан юм. Учир нь Засгийн газраас агаарын хилийг тавдугаар сарын 1-нд нээнэ хэмээж байсан. Гэвч коронавирусийн халдварын нөхцөл байдлаас шалтгаалан хойшлуулсан бололтой.
Засгийн газар хилийн чанадаас нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн иргэдийг яаралтай татан авахын тулд тусгаарлалтын хоногийг багасгах, тийзний үнийг бууруулахаар ажиллаж байгаа аж. Гадаадаас ирж буй иргэд тусгаарлах байраа өөрсдөө сонгох шинэ зохицуулалттай болжээ. Өнөөдрийн байдлаар нутаг буцах хүсэлтээ илэрхийлсэн 9411 иргэн бий гэнэ. Өнөөдрийн байдлаар Манай улс 29 385 иргэнээ дэлхийн 93 улсаас эх оронд нь авчраад байгаа аж.