Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа байгуулаад гурван сарын нүүр үзэв. Сүүлийн 90 хоногийн энэ хугацаанд “хатуу хөл хорио” нэрийн дор иргэдээ 33 хоног хорьжээ. Энэ удаагийн улаан түвшнийг бууруулахад хоригдсон өдрийн тоо 41 болно. Үр дүнд нь коронавирусийн халдварын улмаас нас барагсдыг өдөрт хоёр оронтой тоогоор бүртгэх шахаж, өвчлөгсөд нь хоногт хэдийн 1000 давлаа. Ийн хоёр удаа хөл хорио тогтоохдоо Засгийн газар, Улсын болон Нийслэлийн онцгой комисс автомашин хийгээд хүний хөдөлгөөнийг ч зохицуулж сурсангүй. Коронавирусийн халдвар авсан иргэн рүү дүүргийн болон эрүүгийн цагдаа, өрхийн, бас дүүргийн эмнэлэг, ХӨСҮТ, зоонозын гээд 10 орчим байгууллагаас ээлж дараалан холбогдож, нэгэн ижил асуумж авч, өвчтөнийг утастай нь хамт амраахгүй байгаагаас үзэхэд ч цар тахлын эсрэг төр, засгаас авч хэрэгжүүлж буй ажил зангидагдаагүй, уялдаа холбоо туйлын муу байгаа нь илт аж. Өөрөөр хэлбэл, цар тахлын голомтод цаастай зууралдаж, бүртгэл хөтөлж байгаа хүмүүс дундын мэдээллийн сан үүсгээгүй мэт ажиллаж, өөрсдийгөө ч, өвчтөнийг ч “зовоож” байна. Энэ мэтээр коронавирустэй тэмцэх ажил бараг бүх шатанд чамлалттай байхад уг арга хэмжээг шууд удирдан чиглүүлж буй Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хариуцлагаа үл мэдрэх нь харамсалтай. Ажлынх нь үр дүнтэй холбоотой асуудлуудаас гадна амин хувийн эрх ашигтаа захирагдсан гэмээр, ар гэрийнхэнтэй нь холбоотой элдэв дуулианыг ажралгүй “давах” түүнд хариуцлагыг нь сануулж, анхааруулах хүн энэ Засгийн газарт үгүй бололтой, таг чиг. Өөрсдөө санаж, сайн дураараа хэрэгжүүлдэггүй юм гэхэд олон нийт шахаж, шаардаад ч тусыг эс олох нь юутай бухимдалтай. Шадар сайд С.Амарсайхан гэлтгүй салбарт нь үүссэн асуудалтай холбоотойгоор хариуцлага тооцох албан тушаалтан энэ Засгийн газарт нэг бус бий санагдана.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх долоо хоногт хилийн боомтуудын нөхцөл байдалтай танилцахаар төлөвлөж байгаа аж. Энэ нь манай эдийн засагт чухал үүрэгтэй, урд хилийн боомтуудын үйл ажиллагааг хэвийн болгох чиглэлээр хийж буй ажлынх нь нэг юм гэсэн. Үнэхээр ч эдийн засгаа сэргээх нь Засгийн газрын үндсэн ажил. “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний дагуу нийт 56 арга хэмжээ авч хэрэгжүүлэхээс 25-ыг нь энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд 604.2 тэрбум төгрөгийг 8784 зээлдэгчид (энэ сарын 26- ны байдлаар) олгожээ.
Засгийн газрын тэргүүн ажлаа аваад удаагүй байхдаа “Богдхан төмөр зам”-ын трасстай газар дээр нь танилцан, УБТЗ нийгэмлэгт ажилласан. Ингэхдээ тус замын ТЭЗҮ-ийг яаралтай боловсруулах, гарч болох эрсдэлийг хэрхэн шийдвэрлэх зэргийг нарийвчлан тооцохыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт үүрэг болгосон билээ. Тэгвэл уг төслийг хэрэгжүүлэх ажлын явцын талаар холбогдох сайд нар Ерөнхий сайдад уржигдар буюу хоёр сар гаруйн дараа танилцуулсан юм.