Цус, цусан бүтээгдэхүүнийг тээвэрлэж, эмнэлгүүдэд шуурхай хүргэх зориулалттай дроны анхны нислэг амжилттай боллоо. "Нарлаг Улаанбаатар Ротари" клубээс санаачлан, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтарч Нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг ашиглан цус, цусан бүтээгдэхүүнийг тээвэрлэх “REDrone” (Red drone) төслийн “Цус тээвэрлэх анхны нислэг”-ийг өнөөдөр зохион байгуулжээ. Газар хөдлөлт, гамшиг осол, "Ковид-19" зэрэг нийгмийн эрүүл мэндийн онцгой нөхцөл байдлын үед эмнэлгүүдэд шаардлагатай бүтээгдэхүүнийг богино хугацаанд хүргэж олон хүний амь нас аврах шаардлага тулгардаг. Иймд нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг ашиглах нь дээрх хүндрэлүүдийг давах, цус, цусан бүтээгдэхүүний захиалгын дагуу тээвэрлэх автомашины зардал, цаг хугацааг хэмнэх, хүний нөөц, ажлын ачааллыг багасгах замаар эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлнэ. Уг төхөөрөмж дээр суурилан цаашид эрүүл мэндийн байгууллагууд сорьц тээвэрлэх болон бусад салбарт ч загвар болох боломжтой хэмээн төсөл санаачлагч нар үзэж байна. Уг дрон нь маш их нарийвчилсан судалгааны үндсэн дээр бий болсон даацын тээврийн дрон гэнэ. Тиймээс Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс 20 км доторх эмнэлгүүдэд цус, цусан бүтээгдэхүүнийг ямар ч саадгүй тээвэрлэнэ.
Тодруулбал, өвчтөнд цус нэн шаардлагатай болоход ЦССҮТ-өөс уг дроноор цусыг зөөвөрлөн ГССҮТ рүү 3-5 минутад хүргэнэ. Бороо, цас, салхитайд ч ажиллах боломжтой дроныг "Нарлаг Улаанбаатар Ротари" клубийнхний санаачилгаар “Карбон Композитс” компанийн монгол инженерүүд бүтээжээ.
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод замын түгжрэл эрс нэмэгдэж байгаа бөгөөд яаралтай үед хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд хүндрэл үүсдэг. Дээрх туршилт амжилттай болсноор өвчтөний амийг аврахаар цус, цусан бүтээгдэхүүнийг шуурхай тээвэрлэх боломж ийн бүрдлээ.
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Донор зохион байгуулалтын тасгийн эрхлэгч Ч.Тунгалаг "Хатуу хөл хорио тогтоосонтой холбоотойгоор цусаа өгөх иргэдийн тоо буурч байна. Хэвийн үед өдөрт 100-150 хүн цусаа бэлэглэдэг. Харин хатуу хөл хорионы үед өдөрт 50-60 донор цусаа өгч байна. Баянзүрх, Сүхбаатар гэсэн цус цуглуулах хоёр төв ажиллаж буй. Хөл хорио тогтоосон ч эмнэлгээс ирж буй цус, цусан бүтээгдэхүүний захиалга буураагүй. Манайх 30 гаруй төрлийн цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг" гэсэн юм. Дрон ашиглан цус, цусан бүтээгдэхүүнийг эмнэлгүүдэд шуурхай хүргэх төслийг “Тамир Ротари” клуб, “Нарлаг Улаанбаатар Ротари” клуб, “JCI Capital”-ийнхэн хамтран хэрэгжүүлж буй.
Ташрамд дурдахад, Ковид 19 цар тахлын улмаас хатуу хөл хорио тогтоосон энэ үед цусаа бэлэглэж байгаа донорын тоо ердийн үетэй харьцуулахад гурав дахин багассанаас цусны нөөц буурчээ. Өнөөдрийн байдлаар эмнэлгийн захиалгыг бүрэн гүйцэд ханган ажиллаж байгаа бөгөөд эмнэлгийн цус цусан бүтээгдэхүүний хэрэглээ буурахгүй, элэг шилжүүлэн суулгах томоохон хагалгаанууд хийж буй.
Манай төвөөс энэ цаг үед дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, олон улсын туршлага дээр үндэслэн олон талт үйл ажиллагаа зохион явуулж байгаа бөгөөд үүний хүрээнд цусаа өгөх боломжтой доноруудыг утсаар урих, цахим хаягаар цусаа өгөх урилгыг илгээж, олон нийтийг цусаа өгөхийг уриалж, шаардлагатай тохиолдолд доноруудыг явуулын хэлбэрээр цус цуглуулж байна. Улаан эсийн нөөц бүлгийн хамаарлаас шалтгаалаад 7-10 хоног, сийвэнгийн бүтээгдэхүүн нэг жилийн нөөцтэй байна.
17-60 насны 45кг дээш жинтэй эрүүл хүмүүс цусаа өгөх боломжтой бөгөөд ард иргэдийг донорын эгнээнд нэгдэж цусаа бэлэглэж, бусдад амьдрал бэлэглэхийг уриалж байна. Бид бүхэн халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан ажиллаж байна. Манай улсад Ковид 19-өөс хамгаалах дөрвөн төрлийн вакцин хийгдэж байгаа бөгөөд вакцин тус бүр хоёр тун хийгдэнэ. Тун тус бүрийн дараа вакцин хүнд хариу урвал илрээгүй бол 14 хоногийн дараа цусаа өгөх боломжтой.