Коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж буйтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд С.Энхболд салбарын нөхцөл байдал, эмчилгээ, хүний нөөцийн хүрэлцээ, вакцины нийлүүлэлтийн талаар УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд танилцууллаа. Гишүүд сайдад асуулт тавин, хариулт авав.
С.Чинзориг: -Орон нутаг дахь эмч, эмнэлгийн ажилтнуудад илүү цагаар ажилласны хөлс олгохгүй байгаа, нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, түргэвчилсэн оношлуурын хүрэлцээ дутмаг гэх мэдээлэл ирүүллээ. Үүнд хэрхэн анхаарч байна вэ. Тавдугаар сарын 20 гэхэд вакцины хоёрдугаар тунд иргэдээ хамруулж дуусна гэсэн. Энэ хугацааг урагшлуулж болох уу. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа тавдугаар сарын 25-наас эхэлнэ.
С.Энхболд: -Орон нутагт ажиллаж байгаа, эрүүл мэндийн байгууллагын ажилтны илүү цагийн урамшууллыг олгож байгаа. Өнгөрсөн нэг болон хоёрдугаар сарын урамшууллыг нь бүрэн олгосон. Гурав, дөрөвдүгээр сарын ажлынх нь гүйцэтгэлийг харгалзан 80 хувиар тооцож, урамшуулал олгоно. Мөн голомтод ажиллаж буй хүмүүс Засгийн газрын тогтоолын дагуу нэмэлт урамшуулал авч байгаа. Хамгаалалтын хувцас, хэрэгсэл, түргэвчилсэн оношлуурыг Эрүүл мэндийн яамнаас дүүрэг, орон нутагт хуваарилдаг. 200 мянган ширхэг түргэвчилсэн оношлуурыг энэ сарын 23-нд БНХАУ-аас авсан. Дархлаажуулалтыг орон нутагт хуваарийн дагуу хийж байгаа. Вакцины дараагийн татан авалтын хугацаа тодорхой болбол орон нутагт дархлаажуулалтыг эрчимжүүлнэ.
Б.Жаргалмаа: -Халдварын эрчим буурах хандлагатай байгаа гэлээ. Үүнийг хэрхэн тооцож байна вэ. Нэг иргэний шинжилгээний хариу нь анх сөрөг гарсан учир хүнтэй уулзаад, гадуур явсан. Гэтэл хэдэн цагийн дараа хариу нь эерэг гарсан тохиолдол байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүд хэрхэн ажиллаж байна вэ. Халдвар аваад бие нь хүндэрсэн хүнийг ХӨСҮТ-д хандаарай гэж өрхийн эмч нар нь хэлсэн гэх юм.
С.Энхболд: -Халдварын тархалтын эрчмийг шинжээч, судлаачид долоо хоног бүр хянадаг. Нэг хэсэг халдварын тохиолдол эрс нэмэгдэж байсан бол энэ долоо хоногоос тогтворжиж байна. Шинжилгээний хариу алдаатай гарч байгаа нь механик ажиллагаатай холбоотой. Хариуг системд шивж оруулахдаа алдаа гаргасан тохиолдол байгаа учраас үүнээс аль болох сэргийлэхийн тулд тогтмол хяналт тавина. Эрүүл мэндийн салбарын ачаалал нэмэгдэж, ажилтнууд ажлаасаа халширч эхэллээ. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд гол хүчээ төвлөрүүлсэн.
Сүүлийн долоо хоногийн турш үйл ажиллагааг нь дэмжиж, зөвлөгөө өгөн, резидент эмч нарыг ажиллуулж байна.
Б.Жаргалмаа: -Эмэгтэйчүүдийн хорих ангид халдвар гарч, тэнд байгаа хүмүүсийн 50 хувь нь өвдсөн гэсэн. Үүнд ямар арга хэмжээ авч байгаа вэ?
С.Энхболд: -Халдвар илэрсэн хорих ангийн эрүүл мэндийн ажилтнуудтай байнга холбоотой байгаа. Мөн ХӨСҮТ-ийн баг очиж, заавар, зөвлөмж өгч байна. Хорих анги дахь нярай хүүхдийг ЭХЭМҮТ-ийн тусгай өрөөнд байрлуулж, тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа. Сонсголонд байрлах, 180 ортой төвийг нээж, хөнгөн хэлбэрээр өвдсөн, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг мөн эмчилж эхэлсэн.
Ц.Сандаг-Очир: -Нас барсан хүмүүсийн хэчнээн нь “Ковид-19”, хэчнээн нь архаг хууч өвчний улмаас амиа алдсан гэдгийг тогтоож чадаж байгаа юу. “Спутник-V” вакциныг хэзээ оруулж ирэх вэ. Тариалалтын бэлтгэл ажлын үе эхэллээ. Багануур дүүргийн иргэд Хэнтий аймгийн газар нутагт хүнсний ногоо тарьдаг. Тийшээ бараг өдөр бүр очих шаардлагатай. Гэтэл товчоогоор нэвтрэх бүрт нь 25 мянган төгрөгөөр шинжилгээ авдаг гэнэ. Ингэх шаардлагатай юм уу?
С.Энхболд: -Нас барсан хүмүүсийн дийлэнх нь архаг хууч өвчтэй байсан. Ялангуяа элэгний хатууралтай, чихрийн шижин, хорт хавдар, артерын даралт ихсэх өвчтэй, бөөрний дутагдалд орсон иргэдийн биеийн байдал халдвар авсан даруйдаа хүндэрч, маш богино хугацаанд амьсгалын дутагдалд орсон. Задлан шинжилгээнд оруулж, архаг хууч өвчин, “Ковид- 19”-ийн аль нь үхэлд хүргэснийг одоогоор тогтоох боломжгүй байна. Нас барсан иргэдийн гурав нь вакцины эхний тундаа хамрагдсан байсан. “Спутник-V” вакцины нэг сая тунг ирэх сарын дундуур авахаар гэрээгээ хийсэн. Орон нутаг руу явах иргэдээс PCR шинжилгээний хариу шаардахгүй. Иргэдээс түргэвчилсэн тест авч, нэвтрүүлэх чиглэлийг Засгийн газар, УОК-оос өгөөгүй. Үүнийг тухайн орон нутгийн удирдлага өөрсдөө шийдвэрлэж байгаа. Иргэд вакцины хоёрдугаар тунгаа хийлгэсэн бол орон нутаг руу зорчих боломжтой. Улаанбаатар хотоос орон нутагт очсон иргэд долоо хоногийн хугацаанд тусгаарлагдаж, хоёр удаа шинжилгээ өгөх журамтай.
С.Одонтуяа: -Эрүүл мэндийн салбарынхан чадлынхаа хэрээр сайн ажиллаж байгаа. Эрүүл мэндийн тухай хуулийн 30.1-т “Олон улсын хөл хориот халдварт өвчний голомтод болон гамшгийн үед дайчилгаагаар ажилласан эрүүл мэндийн ажилтанд тухайн дайчилгааг зохион байгуулсан газар нэг сарын дотор ажилласан хугацааны цалин хөлсийг нь гурав дахин нэмэгдүүлж олгоно” гэж заасан. Мөн ингэж ажиллаж байхдаа нас барсан, эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан бол хэрхэн тусламж, дэмжлэг үзүүлэх талаар тусгасан байдаг. Энэ хуулийг мөрдөж байгаа юу. Эрүүл мэндийн салбарынхандаа талархаж байгаагаа илэрхийлж, аян өрнүүлэх, ажилтнуудыг нь сувилалд амраах санаачилга гаргах хэрэгтэй.
С.Энхболд: -Хуулийн эдгээр заалтыг хэрэгжүүлэх чиглэлд анхаарч эхэлсэн. Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг дархлаажуулан, витаминаар хангах ажлыг зохион байгуулж байгаа.
М.Оюунчимэг: -Эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудыг өглөө, оройд нэгдсэн зохион байгуулалт хийж, автобусаар зөөх боломжтой юу?
С.Энхболд: -Өнгөрсөн хоёрдугаар сарын 10-23-нд хатуу хөл хорио тогтоох үеэр ийм ажлыг зохион байгуулсан. Нийтийн тээвэрт зохицуулалт хийж, эмч нарыг зөөх автобус хуваарилсан юм. Гэвч автобусанд суух нь бага байсан. Шаардлагатай тохиолдолд автобус бэлдүүлэх бүрэн боломжтой.
П.Анужин: -Шинжилгээний хариу нь эерэг гарсан иргэд гэртээ өөрийгөө тусгаарлаад, витамин уух байдлаар дархлаагаа сайжруулж байна. Эмчилгээнд нийтлэг хэрэглэж байгаа “Арбидол” эмийг ихээр импортолж, эмийн сангуудаар худалдаж болох уу?
С.Энхболд: -“Арбидол” эмийг манай улсад албан ёсоор бүртгээгүй учир нэг удаагийн лицензээр оруулж ирж байгаа. ЭМЯ уг эмийн татан авалтад анхаарч, нөөцлөхөөр бэлдэж байна. Гэрээр эмчлэх тохиолдолд үүнийг хэрэглүүлэхээр заавар, журам гаргасан. Манай улс антибиотикийн хэрэглээ ихтэй орон. Тиймээс эмийн сангуудад эмийг дур мэдэн борлуулах нь эрсдэлтэй.
Ж.Чинбүрэн: -Халдварын тархалтыг хумихын тулд хөл хорио тогтоох, вакцинжуулалтад хамруулах гэсэн хоёр аргыг дэлхий нийтээр хэрэглэж байна. Иргэд эрүүл мэндээ хамгаалахын төлөө хариуцлагатай байх ёстой. Мэдээлэл, зөвлөгөө авах дугааруудыг идэвхтэй ажиллуулмаар байна. Гэрээр эмчилж буй хүмүүсийн бие нь гэнэт хүндэрч, хатгалгаа болох тохиолдол гарч байгаа. Тиймээс өрхийн эмнэлгүүдэд шаардлагатай аппаратыг байршуулах хэрэгтэй.
Б.Баярсайхан: -PCR шинжилгээний аппаратаар Завхан аймгийг хангахгүй байна. Үүнээс үүдэж тэнд халдварын тохиолдол эрс нэмэгдсэн. Яагаад гэвэл Улаанбаатар хот руу шинжилгээний сорьцоо явуулж, 72 цагийн дараа хариугаа авдаг. Ийм аппаратаар орон нутгийг хэзээ хангах вэ?
С.Энхболд: -Улсын нэгдүгээр төв эмнэлэгт хэрэглэж байсан нэг аппаратыг Завхан аймаг руу явуулсан. Өнгөрсөн хугацаанд 13 аймаг, нийслэлийн 16 байршилд ийм аппаратын лаборатори байгуулсан. Нэг ийм лаборатори байгуулахад 280 сая төгрөг зарцуулдаг. Мөн дагалдах хэрэгсэл гээд олон зүйл шаардагддаг. Боломжийнхоо хэрээр аймгуудад аппарат хуваарилж байгаа гэв.