Манай улсад өчигдрийн байдлаар 947 809 иргэн коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагджээ. Үүнээс 707 838 хүн эхний, 239 971 нь хоёр дахь тунгаа тариулсан байна. Өөрөөр хэлбэл, зорилтот бүлгийн буюу 18-аас дээш настай иргэдийн 34.2 хувь нь нэг, 11 хувь нь хоёр дахь тунг хийлгэсэн аж. Өдөрт дунджаар 50 000 гаруй иргэн вакцин хийлгэж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв. Нийслэлд дархлаажуулалтын 112 цэг бий бөгөөд иргэд идэвхтэй хамрагдахыг тус яамнаас уриаллаа.
Манай улс БНХАУ-аас 900 000 тун “Вероселл” вакцин авснаар энэ сарын 22-ноос дархлаажуулалтаа эрчимжүүлж, өдөрт 50 000 иргэнийг хамруулж буй юм. Эхний ээлжид вакцины хоёр дахь тунгаа хийлгэх хүмүүсийг дархлаажуулснаас гадна 55-аас дээш насныханд нэгдүгээр тунг хийсэн. Тэгвэл өчигдрөөс 45-аас дээш насныхан эхний тунгаа хийлгэх боломж бүрдсэнийг нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв. Иргэдийн олонх нь дархлаажуулалтад хамрагдсанаар цэгүүдийн ачаалал буурчээ. Тухайлбал, Баянгол, Хан-Уул дүүрэг дэх цэгүүдэд ачаалал харьцангуй бага тул зорилтот бүлгийн иргэдэд нас харгалзахгүйгээр эхний тунг тарьж эхэлсэн байна.
ЭМЯ-наас мэдээлснээр нийслэлд ирэх сарын 8 гэхэд зорилтот бүлгийн иргэд эхний тунгаа хийлгэж дууссан байх аж. Тавдугаар сарын 30 гэхэд 18-аас дээш насны иргэдийг хоёр дахь тунд бүрэн хамруулах гэнэ.
Бэлтгэсэн: М.Оч