“Ковид-19” халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас хатуу хөл хорионы хугацаанд хүн амын дархлаажуулах үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэл өгсөн. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас үүний дагуу дөрөвдүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн Улаанбаатарын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа дархлаажуулалтын суурин цэгийн тоог 120 болгон нэмэгдүүлж, дархлаажуулалт хийх зориулалтаар тохижуулсан том оврын 40 автобусыг түр цэг болгон үйл ажиллагаагаа өргөжүүлээд байна. НЭМГ-гаас дархлаажуулалтын суурин болон явуулын цэгүүдэд хийх дэмжлэгт хяналтыг эрчимжүүлэн, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар, шинээр байгуулагдсан 37 цэгт ажиллан “Ковид-19” халдварын эсрэг вакцины хадгалалт, тээвэрлэлтийн горим, дархлаажуулалтын нэгжүүдийн хүйтэн хэлхээний хүчин чадал, хүрэлцээ хангамж, хүний нөөц, сургаж бэлтгэгдсэн байдал, яаралтай тусламжийн бэлэн байдал зэрэгт үнэлгээ хийсэн гэнэ. Улмаар тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэн, цаашид иргэдэд хүлээгдэл чирэгдэлгүй хүрч ажиллах, халдвар хамгааллын дэглэмийг сайжруулан, сайтар баримтлан ажиллах талаар заавар, чиглэл өгчээ.