ЭМЯ-ны удирдлагууд, аймгуудын дарга нартай халдварын нөхцөл байдлын талаар цахимаар хэлэлцжээ. Энэ үеэр ЭМ-ийн сайд С.Энхболд дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Бид орон нутгийн эмнэлгүүдэд шаардлагатай худалдан авалтыг хийж байна. Архангай, Булган аймгийн нэгдсэн эмнэлгүүд, Орхон аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвд нийт 4.2 тэрбум төгрөгөөр гурван ширхэг компьютер томографын аппарат авлаа.
Мөн 16 аймагт 9.3 тэрбум төгрөгийн үнэтэй, хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг хоёр сарын дотор барина. Сонгон шалгаруулалтад шалгарсан компани тоног төхөөрөмжүүдээ захиалсан. Бөөрний дутагдалтай иргэд манай улсад багагүй хувийг эзэлж байгаа. Өвчлөлийн статистикийн дагуу 14 аймагт гемодиализын аппарат хуваарилна. Эмч нар хаа сайгүй дутагдалтай байна. Ялангуяа тархвар судлаач, лабораторийн эмч, лаборант нарын орон тоо ихээхэн дутагдалтай. Иймд богино хугацааны сургалтууд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна" гэв.