Сүүлийн 40 жилийн хугацаанд дэлхийд чихрийн шижин өвчтэй хүмүүсийн тоо дөрөв дахин нэмэгдсэн гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) Ерөнхий захирал Тедрос Адханом Гебресиесус хэлжээ.
Тус байгууллагын мэдээлснээр өнөөдөр дэлхийд 422 сая хүн чихрийн шижин өвчнөөр шаналж байгаа аж. 2016 онд эл өвчний улмаас нас барсан тохиолдол хамгийн их бүртгэгдсэн бөгөөд энэ тоо 1,6 саяд хүрсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор 2030 он гэхэд чихрийн шижин нь дэлхийн хэмжээнд нас баралтын шалтгааны 7-р байранд орох болоод байгаа аж. Хамгийн сэтгэл түгшээж буй зүйл бол сүүлийн жилүүдэд чихрийн шижингийн хоёрдогч хэлбэр нь хүүхэд, өсвөр насныхны дунд улам бүр түгээмэл болж байна. Дэлхийн зарим хэсэгт чихрийн шижингийн хоёрдагч хэлбэр нь хүүхдүүдийн чихрийн шижингийн гол төрөл болж хувирчээ. Үүнд дэлхийн хэмжээнд хүүхдийн таргалалт, хөдөлгөөний хомсдол гол шалтгаан гэж үзэх бүрэн үндэслэлтэй аж.
Энэ дөрөвдүгээр сард дэлхийн анагаах ухаан инсулиныг нээж олсны 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд ДЭМБ чихрийн шижин өвчтэй тэмцэх дэхийн хэмжээний гэрээг танилцуулжээ. "Уг гэрээний гол зорилго нь төрийн ба хувийн хэвшлийн сонирхогч талууд болон чихрийн шижин өвчтэй хүмүүсийг шинэ эрч хүчийг бий болгох, шийдлийг хамтран олох нийтлэг хөтөлбөрийн хүрээнд нэгтгэх явдал юм" гэж Тедрос Адханом Гебресиесус мэдэгджээ. Ингэснээр уг өвчнөөс урьдчилан сэргийлэх хүчин чармайлтыг нэмэгдүүлж, шаардлагатай бүх хүмүүст эмчилгээ хүртээмжтэй болох ёстой аж