Зэвсэгт хүчний 014 дүгээр анги, Цус сэлбэлт, судлалын үндэсний төвтэй хамтран “Цусаа хандивлаж, бусдын амийг аваръя” аяныг зохион байгууллаа. Цар тахлын халдвар буурахгүй байгаатай холбогдуулан цусны доноруудын хандив буурч, цусны нөөц улс орон даяар багассан энэ үед инженерийн цэргүүдийн аян нүдээ олсон арга хэмжээ болов.
Бусдад амьдрал бэлэглэх аянд хугацаат цэргийн алба хаагчид өөрсдийн хүсэлтээр хамрагдсанд Цус сэлбэлт, судлалын үндэсний төвөөс талархал илэрхийлж, “Эх орноо батлан хамгаалагч эр цэргүүд та нар энэ үйлсээрээ том гавьяа байгуулж байна. Бусдын алтан амийг аварна гэдэг дайны талбарт нөхөртөө тусалсан шиг баатарлаг үйлс, хэзээ ч мартагдахгүй мөнхийн гавьяа” хэмээн баяр хүргэж, цэргийн албаа нэр төртэй хаахыг захилаа.