Манай улсад халдварын нөхцөл байдал ямар байгаа талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа дараах мэдээллийг өглөө. Тэрбээр, "Халдварт өвчин эрчимтэй тархаж байгаа энэ үед эмийн бус хариу арга хэмжээ буюу тодорхой хязгаарлалтууд болон хатуу хөл хориог хэрэгжүүлж байна.
Манай улсад дотоодын анхны халдвар 2020 оны арваннэгдүгээр сарын 10-нд бүртгэгдсэн. Түүнээс хойш дөрвөн удаа хөл хорио тогтоогоод байна. Эхний хөл хориог нэг сар, дараагийнх нь 21, гурав дахь нь 10 хоногийн хугацаатай байсан. Дөрөв дэх удаагийн хөд хорио хэрэгжиж байна. Анхны хөл хориог урт хугацаатай хэрэгжүүлсний үр дүнд өвчлөлийг тодорхой хэмжээгээр бууруулж чадсан. Харин гурав дахь хөл хорионы дараагаас халдварын тоо тасралтгүй нэмэгдэж байна.
Энэ удаагийн хөл хорио энэ сарын 25-нд дуусахаар байгаа бөгөөд үргэлжлүүлэн халдварын том давалгаа гарахаар байна. Хэрэв хатуу хөл хориог дөрөвдүгээр сарын 25-наар дуусгавар болговол ковидын нэг өдөрт бүртгэгдэх тоо 1400 орчим байхаар тооцооллыг тархвар зүйн судалгаа харуулж байна.
Хатуу хөл хориог долоо хоногоор сунгаж, тавдугаар сарын 2-ны өдрийг хүртэл үргэлжлүүлсэн тохиолдолд өдөрт бүртгэгдэх халдварын тоо 677 орчимд хүрч буухаар байна. Харин тавдугаар сарын 9-нийг хүртэл буюу дахин 14 хоногоор хатуу хөл хориог сунгавал өдөрт 536 тохиолдол бүртгэгдэхээр судалгааны дүн гарсан. Хөл хориог цуцласны дараа тархалт бага зэрэг өснө. Гэхдээ тэр өсөлт эргээд буурах дүр зурагтай. Хөл хориог сулруулахдаа анхаарах шаардлагатай. Хэрвээ ямар ч хөл хорио тогтоохгүй, вакцин хийгдэхгүй байх юм бол өдөрт 31 мянган тохиолдол бүртгэгдэнэ гэсэн тооцоолол гарсан. Хөл хорионы хугацаа урт байх тусмаа халдварын тархалтыг хумих боломжтой" гэдгийг онцлон хэлэв.