Хувийн хэвшлийн эмнэлэг, эмч ажилчдыг шинэ коронавирусийг эмчлэх эмчилгээнд дайчлахаар болжээ. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр хувийн хэвшлийн эмнэлэг, эмч ажилчдаа дайчлах талаар уулзалтыг хийж, нэмэлтээр гаргах эмнэлгийн жагсаалтыг төлөвлөж, ажиллах хүний нөөцийг хэлэлцэж шийдсэн байна.
Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяраас тодрууллаа. Тэрбээр, “Халдвартай иргэнийг хүлээн авч эмчлэх зорилгоор төрийн болон хувийн хэвшлийн ор ихтэй эмнэлгийг дайчлан ажиллах талаар бид судалж, төлөвлөгөө гарган ажиллаж байна. Мөн эмнэлгийн зориулалтаар ашиглаж болох оюутны байр, хувийн хэвшлийн эмнэлгийг эмчтэй нь дайчлах зохион байгуулалт хийж байгаа юм. Энэ хүрээнд:
- Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлэг,
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сувилал,
- Сэргээн засах клиник эмнэлэг,
- Баянгол дүүргийн ахмадын эмнэлэг,
- АШУҮИС-ийн оюутны байр,
- Монгол-Японы эмнэлэг,
- МҮИС-ийн оюутны дотуур байр зэргийг оролцуулаад 3000-4000 ор нэмж гаргах боломжтой. Харин өчигдрийн уулзалтаар хувийн эмнэлгүүдтэй хамтран ажиллаж, хүнд хүндэвтэр өвчтөнийг эмчлэхэд хувийн эмнэлгүүдийн нөөц бололцоог ашиглахаар болоод байна" гэв.