АНУ-ын сансар судлалын NASA агентлаг түүхэнд анх удаа Ангараг гараг дээр нисдэг тэрэг хөөргөжээ. “Ingenuity” нэртэй жижиг нисдэг тэрэгний Ангараг гараг дээр хөөрч, газардаж буй бичлэгийг NASA агентаг албан ёсны цахим хуудсандаа байршуулсан байна.
“Бид түүхэнд анх удаа өөр гараг дээр алсын удирдлагатай аппарат нисгэлээ. Энэ нь Нарны аймгийн бусад гараг руу NASA-гийн илгээх бусад нисдэг аппаратуудыг бүтээх боломжийг нээж байна” гэж “Ingeniuity” төслийн шинжлэх ухааны удирдагч Мими Онг ярьсан байна.
40 орчим секунд үргэлжилсэн туршилтын нислэгийн үеэр нисдэг тэрэг Ангараг гарагийн гадаргуугаас гурав орчим метрийн өндөрт гарч, газардсан байна. Нислэгийн эхний мэдээлэл дэлхий дээр нислэг болсноос хэдэн цагийн дараа иржээ. Туршилтын явцад “Ingenuity” өөр дээр нь суурилуулсан навигацийн камерыг ашиглан гарагийн хэд хэдэн зургийг авчээ.
“Ingenuity” нисдэг тэргийг өнгөрсөн хоёрдугаар сард “Perseverance” өөрөө явагч аппаратын хамт Ангараг гараг руу илгээсэн бөгөөд энэ сарын 8-наас өмнө хөөргөхөөр төлөвлөж байсан боловч хэд хэдэн удаа хойшлуулжээ. NASA-гийн Тийрэлтэт хөдөлгүүрийн лабораторийн инженерүүд Ангараг гарагийн маш сийрэг агаар мандалд нислэг хийх боломжтой эсэхийг шалгах зорилгоор энэхүү аппаратыг бүтээсэн байна.