Улаанбаатар хотод гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарлаад 10 хоног өнгөрлөө. Энэ хугацаанд автомашины хөдөлгөөнийг сайн хязгаарласан ч явган хүмүүст тавих хараа хяналт сул байгааг албаныхан, иргэд ч хэлэх болсон. Ялангуяа гудамж, орон сууцын хорооллуудын тоглоомын талбайнуудад олон хүн бужигнан, эрсдэлийг улам ихэсгэж байгааг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа. УОК, Засгийн газраас хөл хорионы үед иргэд гэрийнхээ ойр орчимд салхинд гарахыг зөвшөөрсөн. Гэхдээ эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, гадаа тоглосон ч байнга амны хаалт зүүлгэн, халдвар хамгааллын дэглэм сахиулах шаардлагатайг тус яамныхан зөвлөлөө.
Нийслэлд 15 хоногийн хөл хорио тогтоосон ч халдварын эрсдэл буурахгүй байгаа тул хугацааг нь сунгах саналтайгаа ЭМЯ-наас илэрхийллээ.
Уг нь орон сууцын хороолол, нийтийн эзэмшлийн талбайд эргүүл, жижүүрүүд ажиллан, салхилж, тоглон, дасгал, хөдөлгөөн хийж байгаа иргэдэд халдвар хамгааллын дэглэм баримтлахыг сануулж буй. “Тоглоомын талбай дахь хүүхдүүдэд шаардлага тавьж, гэр гэртээ харихыг сануулж, тараадаг. Гэсэн ч удалгүй буцаад ирдэг. Урин дулаан цаг болсон учраас нэг талаар эцэг, эхчүүд хүүхдүүдээ гэрт нь хорих бус, агаар салхинд гаргахыг чухалчилж буй байх. Ингэхдээ халдвар хамгааллын дэглэм баримтлахыг сануулах шаардлагатай. Гэтэл тоглож буй хүүхдүүдийн олонх нь амны хаалтаа авчихаж байна шүү дээ” гэж алба хаагчид хэлсэн юм. Хүүхдүүд “Ковид-19”-ийн хөнгөн, шинж тэмдэггүй хэлбэрээр голчлон өвдөх боловч гэр бүлийнхэндээ, ялангуяа өндөр настай, архаг хууч өвчтэй хүмүүст халдвар дамжуулж, нөхцөл байдлыг хүндрүүлэх эрсдэлтэйг албаныхан сэрэмжлүүлэв. ХӨСҮТ-өөс мэдээлснээр манай улсад халдвар авсан таван хүн тутмын нэг нь хүүхэд аж.
Нийслэлд 15 хоногийн хөл хорио тогтоосон ч халдварын эрсдэл буурахгүй байгаа тул хугацааг нь сунгах саналтайгаа ЭМЯ-наас илэрхийллээ. Тус яамны Нийгмийн эрүүл мэндийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Энхсайхан “Өдөрт илрүүлэх халдварын тоо буурахгүй байна. Тэр хэрээр нас барсан хүний тоо ч нэмэгдлээ. Тиймээс ЭМЯ-наас хөл хорионы дэглэмийг үргэлжлүүлэх бодлого барьж буй. Иргэд ч хөл хориог чангаруулах нь зүйтэй гэсэн саналыг манай яаманд тавих болсон. Тухайлбал, хүүхдүүдийг олноор нь гадаа тоглуулж байгаа нь халдвар тараах эрсдэлийг ихэсгэлээ гэсэн мэдээллийг олон хүн ирүүлсэн” хэмээв.
Бэлтгэсэн: М.Оч