ХӨСҮТ-ийн ажилчид коронавирусийн шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж, 300000-70000 төгрөгийн хооронд шинжилгээний хариуг гаргаж өгдөг гэх мэдээлэл цахим орчинд түгээд буй. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр дараах тайлбар мэдээллийг өглөө.
Тэрбээр, ““Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагаанаас хойш зарим ажилтан, албан тушаалтныг хууль хяналтын байгууллага шалгаж буй. Шалгалтын ажил одоо ч үргэлжилж байна. ХӨСҮТ-ийн нэр дээр аль албан тушаалтныг шалгаж байгаа тухай албан бичиг ирээгүй. Тиймээс хэн, хэн шалгуулж байгаа тухай хэлэх боломжгүй. Гэхдээ ер нь аливаа асуудалд хуулийн байгууллага эцэслэн тогтоогоогүй байхад хэнийг ч гэм буруутай гэж үзэх боломжгүй. Магадгүй цөөн тооны алдаа гаргасан хүмүүстэй холбоотой асуудлаас болж ХӨСҮТ- ийн 850 гаруй ажилтан, эрүүл мэндийн салбарын нэр төрд халдаж байгаад манай салбарынхан сэтгэл дундуур байна. Хуулийн байгууллагын шалгалт эцэслэгдсэн үед бүх зүйл тодорхой болох байх. Үүнээс наана хэвлэлийнхэн болон олон нийтийн сошиал сувгууд батлагдаагүй мэдээллийг цацаж, иргэдийн итгэл үнэмшлийг байхгүй болгох эрсдэлтэй байна. Үүнээс үүдэж ажилтан албан хаагчид үндсэн үүргээ гүйцэтгэхээс илүү сошиалын буруу зөрүү мэдээлэлтэй холбоотой сэтгэл зүйн хүнд байдалтай байна. Цар тахал өргөн хүрээнд тархаж байгаа энэ үед эмч эмнэлгийн мэргэжилтнүүд үндсэн ажлаа хийх нь чухал. Тиймээс батлагдаагүй мэдээлэл цацаж эмч эмнэлгийн ажилтнуудад хүнд дарамт үзүүлэхгүй байхыг уриалж байна. Энэ асуудал хуулийн байгууллагаар эцэслэгдэн батлагдсан цагт тодорхой арга хэмжээг авах болно" гэв.