Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ үеэр дараах мэдээллийг өглөө. Өнгөрсөн долоо хоногт эрүүл мэндийн 4-р бүлгийн 60-аас дээш насны иргэдийг вакцинд хамруулж эхэлсэн. Тэгвэл нийт 6800 иргэн синофарм вакцины нэгдүгээр тунд хамрагдсан байна. Мөн энэ сарын 25-нд вакцин ирэхээр төлөвлөж, бэлтгэл ажлаа ханган, дархлаажуулалт хийх явуулын 40 автобусны бэлэн байдлыг хангажээ. Өнөөдрөөс АстраЗенека вакцины хоёр дахь тунг хийж эхэллээ. Ингэхдээ хариу арга хэмжээний буюу эрүүл мэнд, онцгой, цагдаагийн албан хаагчдыг эхний ээлжинд хамруулах юм.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Нийслэлд коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын нэгдүгээр тунд 496416 хүн, хоёрдугаар тунд 1023 хүн хамрагдаад байгаа. Улсын хэмжээнд вакцины нэгдүгээр тунд 634240, хоёрдугаар тунд 1178 иргэн хамрагдсан” хэмээн ярилаа.
Эрүүл мэндийн сайдын 203 дугаар тушаалын дагуу хавьтлын тандалтын үйл ажиллагааг нийслэл, дүүрэг бүрэн хариуцахаар шийдвэр гарсны дагуу бэлтгэл ажлыг хангажээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Хүн, хүчээ сайн зохион байгуулж, төлөвлөлттэй ажиллах хэрэгтэй. Хотын даргын хувьд ямар дэмжлэг, туслалцаа хэрэгтэй байгаагаа хэлээрэй. Эмч, эмнэлгийн ажилтнууд маань бүтэн жил гаруйн хугацаанд хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байна. Түүнчлэн тэдний нийгмийн асуудал, урамшууллыг төдий л шийдэж чадахгүй байгаа. Гэсэн ч хоёргүй сэтгэлээр ажиллаж, иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд цаг наргүй ажиллаж байгаа та бүхэндээ баярлалаа” хэмээсэн. Мөн ийм хүнд, хэцүү цаг үед ажиллаж байгаа тэдэнд урам зориг өгөх, сэтгэл санаагаар дэмжих хэрэгтэйг сануулсан юм.