Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко өөрийнх нь болон хүүхдүүдийнх нь амь насыг хөнөөхөөр төлөвлөж байсан бүлэг гэмт этгээдүүдийг баривчилсан тухай төрийн тэргүүн ONT телевизийн сувгаар шууд мэдэгдэл хийжээ.
"Бид гадаадын тусгай алба, магадгүй АНУ-ын ТТГ, Холбооны мөрдөх товчооны ажлыг нээн илрүүлэв" гэж Беларусийн удирдагч хэллээ. Түүний үгээр энэхүү бүлэг этгээдийн төлөвлөгөө нь түүний хүүхдүүдийг барьцаалах явдал байв. “Нэгийг нь, эсвэл нөгөөгийнх нь аль боломжтойг нь хулгайлаад” Гомель мужид “тусгай бэлдсэн зооринд хорихоор” зэхэж байжээ. АНУ-ын тусгай албанаас тавьсан түүнийг зайлуулах даалгаврыг тус улсын дээд удирдлага баталсан гэж Беларусийн Ерөнхийлөгч үзэж байна.
ОХУ-ын Холбооны мөрдөх товчооны Олон нийттэй харилцах төвийн мэдээлснээр 5-р сарын 9-нд Минск хотод төрийн эргэлт хийж, Лукашенкийн амь насанд халдахыг завдаж байсан Беларусийн улс төр судлаач Александр Федута, өмгөөлөгч Юрий Зенкович нарыг Москвад саатуулжээ. Оросын нууц албаны мэдээлж буйгаар Зенкович нь АНУ, Беларусийн давхар иргэншилтэй бөгөөд Федута тэр хоёр "өнгөт хувьсгалын" зохиолын дагуу Беларусьт улсад цэргийн эргэлт хийх схемийг боловсруулж байжээ. Эл үйл ажиллагаандаа орон нутгийн болон Украины үндсэрхэг үзэлтнүүдийн татан оролцуулж мөн Ерөнхийлөгч Александр Лукашенког биечлэн зайлуулахаар төлөвлөжээ.
Цэргийн эргэлт хийх төлөвлөгөөнд ард түмнийг уриалан дуудах зорилгоор радио, телевизийн төвүүдийг эзлэн авах, Минск хотын одоогийн засгийн газрын газарт үнэнч дотоодын цэргийн болон цагдаагийн тусгай хүчнийг тусгаарлан, Беларусийн эрчим хүчний системийг бүрэн зогсоох ажиллагаа оржээ.
Александр Лукашенкогийн мэдэгдэж байгаагаар тэрбээр өөрөө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хандаж хэлснээр Федута, Зенкович нарыг Москвад саатуулсан байна.
Беларусийн УАХЯ-ын дарга Иван Тертелийн хэлсэнчлэн дээрх хуйвалдаан "Чимээгүй" гэсэн нууц нэртэй байсан бөгөөд гадаадын санхүүжилтийн ул мөр харагдаж байгаа аж.
Беларусьт өнгөрсөн оны 8-р сард Ерөнхийлөгчийн сонгууль. болсон бөгөөд СЕХ-ны мэдээлснээр Лукошенко дахин сонгогдсон юм. Тус улсын сөрөг хүчин болон барууны зарим орнууд сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, төрийн тэргүүнийг албан тушаалаасаа өгөхийг шаардаж байгаа билээ. Тус улсад эсэргүүцлийн хөдөлгөөн наймдугаар сараас хойш үргэлжилж байна.